БНАСАУ өнөөдөр хэд хэдэн пуужин туршжээ. Тус улсын зүүн эрэг хавийн Вонсан боомтын бүсээс ойрын тусгалтай пуужингууд харвасан тухай “Yonhap” агентлаг БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны мэдээллээс иш татан мэдээллээ.
Тус хорооноос мэдээлснээр, пуужингууд 70-200 хүртэл км зайд Япон тэнгисийн чиглэлд нисжээ. “Манай цэргүүд БНАСАУ-ын үйлдлийг АНУ-тай үйл ажиллагаагаа уялдуулан анхааралтай ажиглаж байна” гэж мэдээлэлд дурдсан байна.
Пуужингууд баллистик пуужин биш байсан бөгөөд улсынх нь эдийн засгийн онцгой бүсэд хүрээгүй гэж Японы Засгийн газар мөн мэдээлжээ.
Пёньян хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сард пуужин туршсан юм. Тухайн үед "Хвасон-15" шинэ төрлийн пуужин туршиж байв. Туршилтын үеэр уг пуужин 4475 км өндөрт, 950 км зайг туулсан байна. "Хвасон-15" пуужин нь цөмийн цэнэгт хошуу зөөх чадалтай бөгөөд АНУ-ын нутаг дэвсгэрийн аль ч өнцөгт буй байд оновчтой тусна гэж БНАСАУ-ын эрх баригчид пуужин харвасныхаа дараа мэдэгдэж байлаа.
2018 оны дөрөвдүгээр сард Пёньян улс орныхоо социалист эдийн засгийг хөгжүүлж, хүн амынхаа амьжиргааны түвшнийг дээшлүүлэх зорилгоор цөмийн зэвсэг, мөн янз бүрийн тусгалтай баллистик пуужингууд туршихаас татгалзаж буйгаа мэдэгдсэн билээ. Үүний дараа тавдугаар сард Пүнгери туршилтын талбайгаа устгасан юм. Уг туршилтын талбайд урьд нь газар дор зургаан удаа цөмийн зэвсэг туршиж байсан билээ. БНАСАУ мөн 2016-2017 онд 40 орчим баллистик пуужин харважээ.
montsame.mn