Өчигдөр буюу мягмар гаригт Венесуэлийн нийслэлд гарсан төрийн эргэлт хийх оролдлогыг бут цохисон хэмээн тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро өнөөдөр зарлажээ.
Мөн ерөнхийлөгч Марудо энэхүү оролдлогын цаад эзэд нь АНУ гэж дүгнээд төрийн эргэлтийг зохион байгуулсан хүмүүсийг шалгуулахаар тусгай прокуроруудыг томилсон хэмээн мэдэгджээ.
Сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидогийн суртал нэвтрүүлэгт автсан цөөн тооны цэргүүдийн 80 хувь нь сүүлд засгийн газрын талд буцаж орсон, цөөн тооны офицер төрийн эргэлтэд оролцсоныг мөн мэдээлсэн байна.
Тэрээр мэдээллийнхээ төгсгөлд Венесуэль улс Боливарын хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдэж, барууныхантай үргэлжлүүлэн тэмцэхээ амлажээ.
Мадурогийн мэдэгдлийн өмнөхөн Хуан Гуаидо тэмцлээ үргэлжлүүлэхийг Венесуэльчүүдэд уриалж, илүү олон армийн алба хаагчид тэмцэлд нэгдэхэд бэлэн байгааг дуулгажээ. Тэрээр “Зэвсэгт хүчин Ерөнхийлөгч Мадурог дэмждэггүй, хүндэлдэггүй” гэдгийг мягмар гаригт болсон эсэргүүцлийн ажиллагаанд цэргийнхэн оролцсон нь харууллаа гэж онцолсон юм.