Олон улсын жазз хөгжмийн өдрийг 2011 оны арваннэгдүгээр сард Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын ээлжит 36 дугаар чуулганы үеэр ЮНЕСКО болон бусад Олон улсын байгууллагууд хамтран жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг "Олон улсын жазз хөгжмийн өдөр" болгон тунхагласан юм.
XX зууны эхээр буюу 1910-аад оны үед АНУ-ын Нью Орлеаны мужийн хар арьстнуудын дунд анх үүссэн. Жазз гэдэг үгийн утгыг орчуулахаар судлаачид олон таамаг дэвшүүлж, нэг хэсэг шуугиж байсан тул АНУ-ын Хэл судлалын хүрээлэнгээс жазз гэдгийг XX зууны шинэ үг хэмээн онцолсон юм.
Жазз хэмээх үгийн утгыг тайлахад ихэнх судлаачдын санал нийлсэн хувилбар нь жаас буюу сэм явалдах гэдэг үгнээс гаралтай хэмээжээ. Сэм явалдах гэсэн утга зохимжгүй байсан учраас авиа сэлгэн жазз болгосон хэмээн судлаачид тайлбарлажээ.
Жазз бол эрх чөлөөний хэл. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж, боолчлогдож явсан хар арьстнуудын эрх чөлөөг хүсэмжлэн, зовлонгоо умартах гэж амандаа аялдаг байсан хөдөлмөрийн уриан дуугаар анх үр нь цацагдсан гэдэг. Блюз буюу уйтгар гунигийн дууны хэв маягаар эхлэлээ тавьсан байдаг.
Африкийн уламжлалд суурилж Европын хөгжмийн хэлбэрүүдийг агуулсан жазз хөгжим нь ямар ч урсгалын хөгжимтэй хосолж, ноотонд баригдахгүй чөлөөтэй найруулан тоглодогоороо онцлог. Энэ хөгжим фольк, тропикал, бест, латин, чөлөөт, жазз рок, жазз реп гэх мэтчилэн 20 гаруй төрлөөр хөгжиж байна.
Дэлхийн шилдэг 10 жазз дуучин:
1. Louis Armstrong /1901-1971/
2. Johnny Hartman 1913-1983/
3. Frank Sinatra /1915- 1998/
4. Ella Fitzgerald /1917-1996/
5. Lena Horne /1917/
6. Nat “King” Cole /1919-1965/
7. Sarah Vaughan /1924 – 1990/
8. Dinah Washington /1924 –1963/
9. Nancy Wilson /1937/
10. Billie Holiday /1915 –1959/
Монгол жаззын хувьд 1940-өөд оны орчим циркийн урлагаар дамжин нэвтэрч, Монголын онцлогтой жазз үүсэн хөгжих үндэс тавигджээ. “Зөвлөлтийн хөгжилтэй залуус” кино ба түүний Утесовын жазз бас их нөлөөлсөн гэдэг. 1960-аад оноос нийтийн бүжгийн, концертын гэх зэрэг олон хэлбэрээр хөгжиж, хүчээ авсан жазз хөгжим тухайн үеийн залуучуудын сонсдог ганц хөгжим байсан гэхэд буруудахгүй.
“Баян Монгол” чуулга, “Соѐл-Эрдэнэ” хамтлаг жааз хөгжмийг манай оронд дэлгэрүүлж байв. Мөн манай оронд жазз хөгжмийн урсгал чиглэлүүдээр олон шинэ хамтлагууд, уран бүтээлчид уран бүтээл хийж байгаа.
Жазз хөгжмийн олон улсын өдөр дэлхийд анх удаа 2012 онд тэмдэглэгдсэн харьцангуй залуу баяр юм.
Сонирхуулахад, “Жазз” гэсэн үг 1912 онд анх удаа хэвлэлд бичигдэж байжээ.
Дашрамд, өнөөдөр 19.30 цагт “Шангри-Ла” зочид буудлын IMAX танхимд “Олон улсын жазз хөгжмийн өдөр”-т зориулсан тоглолт болох гэж байна.