ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Украины салан тусгаарласан Луганск, Донецк бүс нутгийн иргэдэд ОХУ-ын паспорт олгох журам баталсан байна. Бямба гаригт Бээжин хотноо болсон “Бүс ба зам” чуулга уулзалтын үеэр мөн энэ журмын үйлчлэх хүрээг тэлж, Украины бүх иргэдэд ОХУ-ын паспорт санал болгож магадгүй гэж хэлжээ.
Үүний эсрэг Украины шинэ Ерөнхийлөгч Володимир Зеленський өөрийн цахим хуудсаар байр сууриа илэрхийлжээ. Тэр “ОХУ-ын иргэн болно гэдэг бол үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал цуглаан хийснийхээ төлөө баривчлагдаж, чөлөөт сонгуулиар удирдагчаа сонгож чадахгүй болно гэсэн үг. Украинчууд бол эрх чөлөөт улсын эрх чөлөөт иргэд” хэмээн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн байна.
ОХУ 2014 онд Крымийн хойгийг өөртөө нэгтгэсэн ба Украины Донбасын бүс нутагт өрнөж буй салан тусгаарлах тэмцлийг одоо ч далдуур дэмжиж, салан тусгаарлагчдад зэвсэг нийлүүлдэг хэмээн Украин буруутгадаг. Харин ОХУ үүнийг эрс няцаасаар ирсэн. Донбаст болж буй үймээний улмаас 13,000 орчим хүний амь үрэгдээд байна.
Эх сурвалж: BBC