1638 оны нэгдүгээр сарын 8-нд Италийн зураач эмэгтэй Элизабетта Сирани төржээ. Тэрээр Болонийн сургуулийн барокко стилийн төлөөлөгч бөгөөд дундад зууны үеийн эм хүйсийн хамгийн амжилттай зураач болсон билээ.
Төсөөлөөд үздээ, энэ эмэгтэй 27 нас хүртлээ 170 орчим зураг, 14 бар зураг, тоо томшгүй таталбар хийж амжсан байлаа. Шашин түүний бүтээлд эерэг үнэлгээ өгсөн гэдэг.
Сирани, Элизабетта:
Дундад зууны үеийн зураач нар дандаа эрэгтэйчүүд. Гэтэл тэдэн дунд муугүй зураач нэгэн эмэгтэй байсан юм. Италийн зураач эмэгтэй Элизабетта Сирани нь Болонья хотод төрж тэнд мөнх бусыг үзүүлэх хүртлээ амьдарчээ. Гвидо Ренийн хамтран зүтгэгч бөгөөд шавь, Болонийн сургуулийн чиглэлийн зураач, уран зургийн наймаачин Жованни Андреа Сиранийн охин Элизабетта 12 настайдаа уран зураг сонирхож эхэлжээ. Тэрэнд нь Карло Чезаре Мальвази гэх урлаг судлаач нөлөөлсөн гэдэг. Хожим тэрээр Болонийн зураачдын тухай цуутай номонд (1678) түүний намтрыг оруулсан цорын ганц эмэгтэй болжээ.
Эцэг нь эхлээд түүний сонголтод таагүй хандаж байснаа жилийн дараа охиноо урландаа авлаа. Арван долоо хүрэхдээ тогтсон уран зураач, барлаач болсон ба тэр цагаас эхлэн бүх зургуудаа дэвтэрт бичиж эхэлсэн гэдэг. Түүний арга барил нь Гвидо Ренитэй төстэй бөгөөд тэдний уран бүтээлийг хэд хэдэн удаа солин нэрлэжээ.
Судас нь бүдүүрч, шээсний хүчил, давс организмд нь их болсны улмаас эцэг нь ажил хийж чадхаа больсон байлаа. Зураач бүсгүй гэр орноо тэжээхийн тулд маш ихээр ажиллаж байв. Барбара, Анна Мария гэсэн хоёр охин дүү нь түүнд тусална. Түүний уран бүтээл нь зөвхөн Болоньяд биш Флоренци, Ромд алдартай байсан юм. Уран зургийг нь Козимо III Медичи үнэлдэг байж. Тэрээр эмэгтэй зураачдын сургуулийг 1660 онд нээсэн бөгөөд тэр жилдээ Ромын Хувилгаан Лукийн академид гишүүн болжээ. Тэрээр Лира гэх чавхдаст хөгжим дээр тоглож дуулдаг. Тэрээр ходооны шархнаас болон нас баржээ. Түүнийг шивэгчин Лючия Толомелли хордуулсан гэх яриа мөн байдаг.
Зураач бүсгүй хоёр зуу орчим уран зураг үлдээсэн нь өнөөдөр Европ, Америкийн музейнүүдэд хадгалагдаж байгаа.
Түүний шарилыг Болонья хотын Хувилгаан Доминикийн хийдийн Гвидотти гэх сүмд Гвидо Ренийн чандрын дэргэд нутаглуулжээ.
Соёл дахь дүр нь:
Зураач бүсгүйн намтрын романууд XIX зуунд бичигдэж эхлэв. Италийн яруу найрагч Давиде Рондони шүлгэн драмаа саяхан 2000-аад оны эхээр түүнд зориулсан байлаа. Зураачийн тухай жүжгийг 2005 онд жүжигчин, найруулагч Яя Форте бүтээжээ.
Зураач бүсгүйн бүтээлүүдэд эмэгтэй хүний сэдэв хөндөгдөлгүй яахав. Жишээлбэл энэ зурагт Ромын түүх хөндөгдлөө. Тэр түүхийн дагуу Катоны охин, Марк Брутын эхнэр Порциа нөхрийнхөө итгэлийг даана гэдгээ харуулахын тулд өөрийгөө хутгаар сийчин шархдуулах гэсэн оролджээ.
Энэ зурагтаа Эмгэнэлийн муза Мельпоменийг дүрслэжээ.
Үлгэр домгийн тухай яриад эхэлсэн болохоор Европыг хулгайлсан сэдэв түүний зурагт буужээ.
Сирани өөрийн зургууддаа Магделенаг буулгасан.
Мөн л Христийг ...
...Венера ба Купидоныг зурсан.
Тэрээр өөрийн хөргөө зурдаг л байлаа.
М.Цогт