Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадрал ОХУ-ын Якутск хотод болсон Айтилина Адамовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэллээ.
Айталина Саввична Адамова-Афанасьева нь “Хойд нутгийн Кармен” хэмээн алдаршсан, Якутаас анх удаа П.Чайковскийн нэрэмжит уралдаанд түрүүлсэн дуучин юм байна. Гран При шагналаа Ч.Бадрал Айтилина Адамовагаас өөрөөс нь гардаж авчээ.
Ч.Бадрал нь ОХУ-ын Москва хотын Гнесиний нэрэмжит хөгжмийн академийг дүүргээд ЦДБЭЧ-д ажиллахынхаа хажуугаар ОХУ-ын Магнитогорскийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна. 2014 онд М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны дэд байр, 2015 онд ОХУ-ын ардын жүжигчин дэлхийн шилдэг дуучдын нэг Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдааны дэд байр, нэрт хөгжмийн зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд эрэгтэй дуучдын төрөлд тэргүүн байр эзэлсэн гээд дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт өргөжээ.
Мөн Олон улсын “Вива опера” фестивальд урилгаар оролцож, Москва хотын Улаан талбайд зохион байгуулсан “Спаскийн цамхаг” цэргийн хөгжмийн наадамд оролцон 10 мянган үзэгчийн өмнө дуулсан анхны монгол дуучин болсон байна.
Тэрээр энэ жил "Дэлхийн дуурийн дуучин Кардифф-2019" уралдааны урьдчилсан шалгаруулалтын сүүлийн шатанд шалгарч дэлхийн шилдэг 19 дуучинтай тунан үлдсэн бөгөөд ирэх зургадугаар сарын 17-22-нд Уэлсийн Кардифф хотноо ялагчийн төлөө өрсөлдөх юм. Өнгөрсөн жил Италийн алдарт CHIGIANA академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition-2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрыг мөн авч, “Golden Star-2018” шагналын эзэн болжээ.