Европын Холбооны гишүүн 27 улсын удирдагч Брюссельд болсон яаралтай хурлаараа Их Британи улсыг холбооны бүрэлдэхүүнээс гарах хугацааг хойшлуулжээ. Шинээр товлосон хугацааг маргааш буюу энэ сарын 12-ны өдөр зарлахаар болсон байна.
Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск: “Европын Холбооны 27 улс Лиссабоны гэрээний 50 дугаар зүйл заалтыг сунгахаар тохиролцлоо. Харин одоо би Их Британийн Засгийн газрын зүгээс зөвшөөрөл авахын тулд Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзах гэж байна” гэжээ.
Европын Холбооны дээд хэмжээний уулзалтад оролцсон эх сурвалжийн хэлж байгаагаар гишүүн 27 орны удирдагчид Брекситийг 10 дугаар сарын 31-нийг хүртэл хойшлуулах урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэнэ. Гэхдээ эцсийн шийдвэрийг Тереза Мэйтэй хэлэлцээр хийсний дараа гаргана гэжээ. Харин яагаад заавал энэ хугацааг сонгосон болохыг эх сурвалж хэлэхдээ “Ирэх намар төлөвлөсөн Евро комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудалтай холбоотой” гэж мэдэгджээ.