Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт орших алдарт Их Газрын чулуунд ирэх наймдугаар сарын 10-12-нд “Уяхан замбуутивийн наран” ардын урлагийн наадам хийхээр товложээ. Орон нутгийн уран бүтээлчдийн санал санаачилгаар зохиогдох энэхүү наадамд 3000 уртын дууч, морин хуурч оролцох аж.
Их Газрын чулуу нь Монголын анхны задгай театр бөгөөд Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит театрт гэгддэг билээ. 2006 онд тус задгай театрын дэргэд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт хөшөө босгож, “Уяхан замбуу тивийн наран” уртын дууны үгийг сийлэн мөнхөлжээ.
Байгаль дээрх задгай театрын тайзны диаметр нь 18 метр буюу радиус нь есөн метр бөгөөд газраас 1.4 метр өндөр юм.