Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос зохион байгуулдаг тус наадам нь 1987 оноос хойш олны хүртээл болж, анхны “Морин хуур”-ын эзнээр УГЗ, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж “Монгол далай” дуугаараа тодорч байжээ.
Жил жилийн наадмаас түрүү хүртсэн дуунаас гадна үзэгч, сонсогч түмний зүрхэнд үүрд үлдсэн бүтээл, ой санаанд тодорсон дуучид, дууны яруу найраг төрсөөр байсныг дурдах ёстой. Энэ наадмын түүхэнд хамгийн олон “Морин хуур”-ын эзнээр тодорсон хүмүүс болох Төрийн хошой шагналт Н.Жанцанноров 1990 онд “Хүн тэнгэр”, 2001 онд “Амраг минь дээ”, 2013 онд “Бурхан халдун” дуугаар, Төрийн шагналт Б.Шарав 1990 онд “Монгол туургатны гал голомт”, 1995 онд “Хайрхан уулын бараа”, 2012 онд “Монгол газар шороо мину” дуугаар, УГЗ Б.Бямбабаяр 1992 онд "Орхон түшээ мөрөн”, 1996 онд "Эзэн заяа", 2000 онд "Эрхлэхийн заяатай хорвоо" бүтээлүүдээрээ тус бүр гурван удаа хүртжээ.
Энэ жил 32 дахь жилдээ болж байгаа “Морин хуур” наадамд өнөөдөр ид авьяас билгээ гэрэлтүүлж яваа залуу уран бүтээлчид болох Цэн.Эрдэнэбат, Ш.Өлзийбаяр, Г.Түвшинтөр нарын давалгаа, шинэ соргог бүтээлүүд хойморлох нь ээ.
Наадмын эхний шатны шалгаруулалт өндөрлөж, дараагийн буюу хоёр дахь шатны шалгаруулалт энэ сарын 14.15-ны өдрүүдэд МҮОНТ-ын “600 студи”-д болсон юм. Харин галла тоглолт, “Морин хуур” наадмын эзэн тодруулах буюу эцсийн шатны шалгаруулалтыг ирэх гуравдугаар сарын 02-ны өдөр зохион байгуулах юм байна.