Өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон, медалийг гардууллаа.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын зарилгаар “Маск продакшн”-ы жүжигчин М.Баярмагнайд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээлээ.
М.Баярмагнай нь 1978 оны 10 сарын 6-нд Баянхонгор аймагт төржээ.1996 онд Баянхонгор аймгийн I арван жилийн сургуулийг дүүргээд СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд УДЭТ-д жил гаруй ажиллаад хошин урлагт хөл тавьж "Эрхэм элч", "Өнгөт инээд" хамтлагт элссэн. 2007 онд нэг хамтлагт байсан Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан хоёрын хамтаар "Маск" продакшныг байгуулсан юм.
Монгол Улсын Гавьяат жүжигчин М.Баярмагнай:
"Энд шагнал авч байгаа хүмүүсээс хамгийн залуу нь би байх. Илүү ихийг хийж бүтээгээрэй гэж өгсөн гавьяа шагнал гэж бодож байна. Ээждээ, хань ижилдээ, тэнгэрээс харж байгаа аавдаа, хамтарч ажилладаг П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан хоёртоо баярлалаа! Хайртай шүү" гэлээ.
Ийнхүү хошин урлагийн “Маск продакшн”-аас хоёр дахь гавьяат төрлөө.
Сэтгэгдэл (1)