Японы Засгийн газар ирэх сард Осака хотноо эхлэх Дэлхийн экспогийн үеэр анимэ, манга зурагт ном зэрэг онцлог бүтээгдэхүүнүүдийг сурталчилна.
“Анимэ, зурагт номын аялал жуулчлалын наадам”-ыг дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь тус улсын контентын салбарыг цаашид улам хөгжүүлэх зорилго бүхий Засгийн газрын “Cool Japan” гэдэг нэртэй шинэ стратегийн бодлогын нэг хэсэг ажээ.
Наадмын үеэр домогт манга зураач Тэзүка Осамүгийн бүтээлүүд болон бусад олон бүтээлийг танилцуулах байгууламжуудыг барина. Мөн орон нутгийн удирдлагууд уран бүтээлчидтэй хамтран тэдний бүтээлийг танилцуулах, зарж борлуулах асруудыг босгохоор төлөвлөж байна. Мөн дуу оруулагч жүжигчдийн тайзны үзүүлбэр болон анимэ дуунуудыг үзэгчдийн хүртээл болгоно.
“Cool Japan” стратегийг хариуцсан сайд Киүчи Минорү хэлэхдээ, дэлхийн өнцөг булан бүрээс зочид ирэх тул энэхүү үзэсгэлэн нь Японы соёлыг сурталчлах маш сайхан боломж гэдгийг онцлоод, энэ завшааныг ашиглан алслагдсан бүс нутгаар хийх аяллыг сурталчлахыг зорьж байна гэв.
Эх сурвалж: NHK