«Гигерийн бүтээл нь бидний сэтгэл санаанд нэвтрэн балар эртний аймшгийн мэдрэмжийг гижигддэг » хэмээн “Харийн хүн” киноны найруулагч Ридли Скотт ярьсан байна. Харин Гигерийн хувьд түүний бүтээл нь аймшгийн зүүднээс салах арга байжээ.
«Некроном IV» зураг
Акрил, цаас, мод 100×150 см
1976
Грюйер дэх Гигерийн музейд байдаг
«Одоо би аймшгийн зүүд зүүдлэхээ больсон. Тэднээс намайг ажил минь салгасан юм» гэж 70 настай Гигер CNN телевизид ярьсан байдаг. Өмнө нь тэр хэрэв зургаа зурдаггүй бол галзуурах байсан гэж ярьж байв. Түүний уран бүтээлийн аймгийн дүрүүд нь үнэндээ ч шөнийн хар дарсан зүүд шиг. Эсвэл зураачийн унших дуртай аймшгийн ном ч юм шиг. Говард Лавкрафтын номын ишлэлийн нэрээр тэр зургийн цомгуудаа «Некрономикон» гэж нэрлэсэн гэнэ.
Зөгнөл аймшгийн “Харийн хүн” нэртэй кино зохиол дээр ажиллаж байсан Дэниел О’Бэннон зураачийн тэр цомгийг найруулагч Ридли Скоттод харуулжээ. Найруулагч сансарын хөлөгт нэвтрэн нисгэгчдийг хөнөөж байгаа харь гаригийн хүний ер бусын дүрийг хайж байв. Гигерын «Некроном IV» цомгийг эргүүлж байгаад хэрэгтэй зүйлээ олсон би ширээнийхээ араас унах шахсан гэж Скотт дурсчээ. Найруулагч Швейцарид очин зураачтай уулзаад харийн этгээдийн дүрийг бүтээх үүрэг өгчээ. Зураач тэр адгуусны хөгжлийн шатыг өндгөөс нь эхлээд өөр биетэд цацагдаж нэвтрэн үр хөврөл нь хөгжиж тээгчээс бие гүйцсэн этгээд болох хүртэлх үеийг бүтээсэн байлаа. Гигерийн удирдлага дор харийн этгээдийн хувцас, сансрын хөлгийн интерьер зэргийг бүгдийг бүтээсэн ажээ.
Гигер ба түүнтэй хамтрагч нар “Шилдэг визуаль эффект” номинациар “Оскар” авцгаасан байв.
Нигерийн дизайнер Болажи Бадежо харийн нөхрийн дүрийг бүтээж шилдэг жүжигчин болжээ. Тэр хоёр метр гаруй өндөр мөртлөө ихээхэн туранхай байв.
1. Толгой. Гигер сэтгэл зүйч Зигмунд Фрейдын бүтээлд автсан байв. Зураачийн зурагт үхэл, амьдралын сэдэв холилдон харагддаг. «Некроном IV» цомгийн дүрс нь харь гаригийн этгээдийн тухай киног бүтээх түлхэц болсныг кино зохиолч О’Бэннон хэлжээ. Тэд хүчирхийллийн өмнөх үзэгчдийн айдас дээр тоглох гэсэн байна.
2. Сүүл. Гигер хүүхэд байхаасаа могойноос айдаг байсан учир киноны баатраа мөлхөгчийн сүүлтэй болгосон байна. Хувцасны загварыг хийхдээ тэр могойн нурууны ясыг ашиглах санаа авсан байв.
3. Хавиргууд. Үхлийн сэдэв Гигерийн бүтээлд нэвт дамждаг. Тэр нь кинонд хүний биеийн үйлдлээр дамжин улам ч их айдас төрүүлнэ. Зураачийг зургаан настайд нь эцэг нь бэлэглэсэн хохимойн толгойгоор айдсаа даран байж тоглодог байсан тухайгаа тэр дурсчээ. Харь гаригийн этгээдийн дүрийг бүтээхдээ Гигер эхлээд баримлын шавар ба хүний ясны модель зэргээс хослуулан загвар хийсэн байв.
4. Гар. Зураг дахь хамгийн “хүнлэг” эрхтэн. Киноны харийн этгээдэд мангасын хувцас өмссөн хүн тоглосон юм.
5. Нүд. Харь гаригийн анчны нүүр царайг тэр хүнийхээс огт өөрөөр хийсэн байна. Нүдийг нь хураасан байсан нь тэр этгээд амьтан хохирогчоо хэрхэн хардаг байсан бол гэх аймшгийн сэтгэгдэл төрүүлдэг.
6. Хуяг. Тэр амьтан хорхой шавьжтай зарим талаар адил байгаа нь Ридли Скоттод таалагдсан байв. Харийн анчны бүрхээс нь зарим хэсэгтээ зарим шавьжийн биеийн бүрхүүлийг сануулдаг. Харь гаригийн нөхрийн амьдралын цикл нь өөр шавьжид өндгөө шахдаг зөгийн төрөлтэй адил байсан юм.
7. Шлангууд. Гигер өөрийн баатруудыг биомеханоидууд гэж нэрлэж байв. Зураачийн үзэсгэлэнг зохион байгуулагч Андреас Хирш тайлбарлахдаа Гигерийн зургуудад амьд биетийг хиймэл элементтэй холбосон байгаа нь технологийн дэвшлээс айсан зураачийн айдас гэлээ. Харь гаригийн анчны хувцасны загварыг бүтээхдээ зураач «роллс-ройс» машины шлангуудыг ашиглажээ.
Зураач: Ханс Рудольф Гигер
1940 он. Швейцарийн Куре хотноо эмийн санчийн гэр бүлд төржээ.
1962-1966 он. Цюррих хотын Туслах урлагийн сургуульд интерьерын ба аж үйлдвэрийн дизайнд суралцжээ.
1968 он. Киноны анхны хувцас бэлтгэв: «Швейцарид хийлээ» төслийн хуягийг хийсэн байна.
1975 он. Хайртай бүсгүй, жүжигчин Ли Тоблерын амиа егүүтгэхийг даван тууллаа.
1976 он. Найруулагч Алехандро Ходоровскийн «Манхан» кинон дээр ажиллав, гэхдээ төслийг дуусгаагүй.
1977 он. «Некрономикон» цомог гаргав.
1978-1979 он. «Харийн хүн» киноны төсөл дээр ажиллав.
1979-1981 он. Өөрийн ассистент Мия Бонцаниготай гэрлэв.
1985 он. «Некрономикон II» цомгоо гаргажээ.
1998 он. Швейцарийн Грюйерын Сен-Жермен шилтгээнд Гигерийн музейг нээжээ.
2005 он. Гигерийн музейн захирал Кармен Мария Шайфельтай гэрлэжээ.
2014 он. Шатнаас унаад Цюррихийн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас баржээ. Түүнийг Грюйерт оршуулжээ.
М.Цогт