Монгол-Лаосын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 12 дугаар хуралдаан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралдаанд Монголын талаас Засгийн газрын ажлын хэсгийн төлөөлөл, тэр дундаа Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын Малын генетик нөөцийн хэлтсийн дарга оролцож, хоёр орны Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ.
Уулзалтаар дараах чухал асуудлуудыг хэлэлцэв:
- Монгол Улсаас амьд мал, мах, дайвар бүтээгдэхүүн, мал үржүүлгийн бүтээгдэхүүнийг Лаос улсад экспортлох худалдааны хэлэлцээр байгуулах;
- Мал эмнэлэг, хорио цээрийн протокол тохирох;
- Тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэх замаар экспортын урсгалыг хялбаршуулах.
Талууд эдгээр асуудлыг Засгийн газар хоорондын хуралдааны протоколд тусган, цаашид Лаос улсыг дамжуулан Зүүн Өмнөд Азийн зах зээлд экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүллээ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.
Эх сурвалж: ХХААХҮЯ