Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ тэргүүнээр ажиллаж байсан Францын нэрт хөлбөмбөгчин Мишел Платини хэлэхдээ, тоглолтыг илүү сонирхолтой болгохын тулд багуудын тоглогчдын тоог цөөлөхийг санал болгожээ.
“Багийн нэг тоглогчийг хасаж, 10-уулаа тоглох хувилбар байж болох юм. Багууд 1900 оноос хойш 11 хүнтэй тоглож байгаа, тэр үед хөлбөмбөгчид гүйх нь бага, удаан гүйж байсан бөгөөд бие бялдрын хувьд сул байсан. Тэгэхээр одоо тоглогчдын тоог цөөлж, талбай дахь орон зайг чөлөөлж өгвөл илүү дээр байх болов уу” хэмээн 1984 оны Европын аварга Платини RMC радиод ярилцлага өгөхдөө дурдсан байна.
Үүний зэрэгцээ отон тоглолтын дүрмийг цуцлахын эсрэг байр суурьтай гэдгээ тэрбээр илэрхийлээд “энэ бол хөл бөмбөгийн спорт дахь хамгийн ухаалаг дүрэм” хэмээн тодорхойлжээ.
Мишел Платини 2007-2015 онд УЕФА-г тэргүүлж байсан бөгөөд Олон улсын хөл бөмбөгийн холбоонд /ФИФА/ үүссэн авлигын хэргийг мөрдөн шалгах явцад албан тушаалаасаа огцорсон юм. 2015 оны 12 дугаар сард ФИФА-гийн ёсзүйн хороооны Арбитрын танхимаас Платинигийн хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх эрхийг 8 жилийн хугацаагаар хассан бол хожим нь 4 жил болгон бууруулжээ. Удалгүй 2023 оны нэгдүгээр сард Швейцарын Беллинцон хотын шүүх Платиниг луйврын хэрэгт холбоогүй болохыг тогтоож, түүнийг цагаатгасан байна.