“Сэтгэлийн хат – өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ
Амстердам хотноо төвтэй Дэлхийн Хэвлэлийн Гэрэл зургийн сан, Нидерландын Хаант Улс хамтран “Сэтгэлийн хат – өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ.
Энэхүү онцгой гэрэл зургийн үзэсгэлэнд 2000-2021 онд Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн тэмцээнээс шагнал хүртсэн гэрэл зургууд багтжээ. Ингэхдээ даян дэлхийн эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд, олон нийтэд тулгарч буй сорилт, саад бэрхшээлийг хэрхэн давж буй түүхийг харуулсан байна. Бидний сонгож авсан эдгээр түүх 21-р зуунд эмэгтэйчүүд болон жендэрийн асуудлууд хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг ч харуулж байгааг зохион байгуулагчид нь тодотгож байв. Үзэсгэлэнгээр дамжуулан Нидерланд улс эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдал, шударга ёсыг хангахын төлөө үүрэг хүлээсэн гэдгээ илэрхийлж байгаа билээ. Энэ чиглэлээр, 13 улсын 17 гэрэл зурагчны буулгасан гэрэл зургууд хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл, жендэрт суурилсан хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрх, тэгш боломжоор хангагдах эрхийн талаар гүнзгий ойлголтыг олон янзын дуу хоолойгоор илэрхийлжээ.
Анна Бойазисын “Усанд олсон эрх чөлөө” гэрэл зурагт Занзибарын Муюуни далайн эргээс зайтай, Энэтхэгийн далайд усанд сэлж, аврах ажиллагаа явуулж сурч буй Кижини бага сургуулийн сурагчдын түүхийг харуулна. Хүмүүс Занзибарын Архипелаго арлын охидыг усанд сэлж сурахыг эртнээс дэмждэггүй байсан нь тэдний биеийг бүрэн халхлах усны хувцас байхгүй гэх шалтгаантай холбоотой байжээ. Хойд Занзибарт усанд живж осолдох тохиолдлын тоог багасгахаар Панже төслийн хүрээнд нутгийн охид эмэгтэйчүүдэд усанд сэлэх ур чадвар эзэмшүүлдэг аж.
Тус үзэсгэлэнг Улаанбаатар хотын Лхам галерейд есдүгээр сарын 18-ны өдөр хүртэл дэлгэнэ.