Холливүүдийн цуутай хос болох Женифер Лопез, Бэн Афлек нар гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан нь нэгэнт тодорхой болжээ.
Лопез гэр бүл салгах өргөдлөө Мягмар гарагт Лос-Анжелесын шүүхэд гаргасныг өчигдөр хэвлэлүүд олж мэдээлсэн байна.
Тэд 2022 оны долдугаар сард Лас-Вегас хотод гэрлэлтээ батлуулж, дараа сард нь Жоржиа мужид хуримлаж байсан юм.
Лопез, Афлек нарын дотно харилцаа бүр 2003 онд “Gigli” киног бүтээх үеэр эхэлж байжээ.
Тэд тухайн жилдээ хуримлахаар төлөвлөж байсан ч 2004 оны эхээр харилцаагаа тасалж байв.
Бараг 20 жилийн дараа тэд харилцаагаа дахин сэргээж, гэрлэсэн нь ийнхүү бүтэлгүйтэж байна.
“Хайр бол үзэсгэлэнтэй. Хайр бол сайхан. Бас хайр бол тэвчээртэй. Хорин жилийн тэвчээр” гэж 2022 онд гэрлэснийхээ дараа Лопез хэлж байжээ.
Лос-Анжелесын шүүх гэрлэлтээ цуцлуулах хүсэлтийг хүлээж авсны дараа Лопез, Афлек нарт хувийн санхүүгийн бүх мэдээллээ илгээх хугацаа өгсөн байна.
Тухайлбал Лопез 60 хоногийн дотор уг мэдээллийг шүүхэд өгөх бол дараа нь Афлек бас 60 хоногийн дотор орлого, зарлага, өр, авлага, үл хөдлөх хөрөнгө зэрэг санхүүгийн бүх мэдээллээ өгөхөөр болжээ.
Үүний дараа хос хоёр хөрөнгөө хэрхэн хуваах талаар тохиролцох бололтой.
Тэдний харилцааны талаар цуурхал сүүлийн хэдэн сарын турш яригдаж байлаа.
Өнгөрсөн хугацаанд тэд Беверли Хиллз дэх харшаа $65 саяар зарах зар тавьсан нь ил болж, тус тусдаа хуримын бөгжгүй гадуур явааг харуулсан гэрэл зургууд хэвлэлд нийтлэгдэж байв.
Бэн Афлек, Женифер Гарнер нар
Оскарын хоёр удаагийн шагналтан, 52 настай Бэн Афлек өмнө нь жүжигчин Женифер Гарнертай 2001 оны “Pearl Harbor” киноны зургийн үеэр танилцсаны дараа гэрлэж, 2015 он хүртэл хамт амьдрахдаа гурван хүүхэдтэй болсон юм.
Женифер Лопез, Марк Антони нар
55 настай дуучин, жүжигчин Лопез өмнө нь гурван удаа гэрлэж байжээ.
Эхний удаад 1997-1998 онд Куба гаралтай зөөгч Охани Ноатай, дараа нь 2001-2003 онд өөрийн бүжигчин асан Крис Жаддтай, сүүлд 2004-2014 онд дуучин Марк Антонитой хамт амьдарч байв.
Сүүлийн гэрлэлтээсээ тэр ихэр хүүхэдтэй болж байжээ.
Лопез бас нэг үе New York Yankees бэйсболын клубийн од Алекс Родригезтэй дотносож байсан юм.
Эх сурвалж: BBC