Дэлхийн супер од, дуучин Бейонсе АНУ-ын нийслэл Вашингтон хотын 62 мянган үзэгчийн суудалтай FedEdField стадионд нүсэр тоглолт хийлээ.
Үргэлжлэн орсон борооны улмаас тоглолт хоёр цагаар хоцорч эхэлсэн учир тоглолт дуусах үед Вашинтоны метро зогсжээ. Тиймээс шүтэн бишрэгчдээ гэртээ саадгүй харихад нь туслах үүднээс дуучин эмэгтэй 100 мянган ам.долларыг Вашингтоны хотын Тээврийн Удирдах газарт төлж, Морган Бульварын метроны буудлыг хаалгалгүй, нэмж нэг цаг нээлттэй ажиллуулжээ.
Морган Бульварын метроны буудалд жирийн үед сүүлчийн галт тэрэг 23:34-д очдог бол энэ удаад 01:04-д очсон байна.
Бейонсе Renaissance цомгоо гаргасныхаа дараагаар Европын томоохон хотуудаар аялан тоглолт хийсэн. Харин зургаадугаар сарын дундуур Хойд Америк дахь аялан тоглолтоо Канадын Торонтогоос эхлүүлсэн юм.
Бейонсегийн аялан тоглолт аравдугаар сарын 1-нд Канзас-Ситид өндөрлөх хуваарьтай байгаа ажээ.