Мянганы дундуур, магадгүй 1518 оны есдүгээр сарын 29-нд (яг хэзээ төрсөн нь тодорхойгүй) Венецийн будагчин Жованни Баттиста Робустийн гэр бүлд Якопо хүү төржээ. Гэхдээ дэлхий түүнийг Якопо Робусти нэрээр санан үлдсэнгүй, харин "жижигхэн будагчин” Тинторетто (италийн tintore-будагчин гэсэн үгнээс гаралтай) гэдэг нэрээр мэддэг. Италийн аугаа зураач Сэргэн мандлын жаргалтын үеэр уран бүтээлээ Тициан ба Веронезе гэдэг суутнуудтай зэрэгцэн бүтээж иржээ.
Янз бүрийн он цагаар өөр өөр хотуудад төрсөн Тициан, Тинторетто, Веронезе гурав дараагийн зуунуудад Европын уран сайхны соёлын үндэс болсон Венецийн уран зургийн сургуулийн эх булаг болсон юм.
Хэн, хаана, хэзээ
"Ассунта" (“Дарь эхийн тодролт"), 1519 он. Тициан Вечеллио
Венеци нь XVI зуунд бүх насаараа сонгогдсон “Дож” гэх тэргүүнтэй, Газар дундын тэнгисийн хүчирхэг улсын нийслэл байлаа. Газар нутгийн хувьд жижиг улс голчлон далайн наймаа, банкуудын буянаар цэцэглэж, түүний нийслэл нь хэдэн зууны турш урлагийн зүтгэлтнүүдийн цугларалтын төв болж ирэв.
XIV зуунд хотод Паоло Венециано, XV зуунд Якопо Беллини нар зургаа бүтээж байв. XVI зууны сүүлээр Венецид Пьеве-ди-Кадоре гэх жижиг суурингаас арван настай Тициан Вечеллио хүрэлцэн ирэв. Тэрээр өдгөө дэлхийд алдартай "Ассунта" (“Дарь эхийн тодролт") зургаа 1520 онд дуусгаж, 1530 онд хотын хамгийн алдартай зураач болжээ. Венецид 1518 онд Тинторетто нэрээр алдаршсан Якопо Робусти төрөв. Дахиад 10 жил өнгөрсний дараа 1528 онд Верона хотноо ирээдүйн Веронезе болсон Паоло Кальяри төрөв.
Барималчин Габриэла Кальярийн хүү бас л Ариун улсын нийслэлд хүрэлцэн ирсэн ба Тициан, Тинторетто нарын адил өөрийн эриний аугаа мастер болсон билээ. Тэд гурвуулаа амьдралын замаа Венецид төгсгөжээ. Хамгийн залуу, хөгшин хоёрын насны зөрүү 38, гэхдээ Венецийн уран зургийн сургуулийн тухай ярихын тулд тэр гурвыг цугт нь авч үздэг.
Венецийн гурван зураачийг он цагийн явцад бие биенийх нь эсрэг тавьж, тэд уран бүтээлийн захиалга, нийгэмд эзлэх байр суурийнхаа төлөө өрсөлдөж ирсэн гэцгээдэг.
Байхгүй байсан өрсөлдөөн
Фрагмент картины "Кане Галилей дэх хурим" зургийн хэсэг, 1562–1563 онууд. Веронезе гэж дуудагдах Паоло Кальяри
2009 онд Луврт "Тициан, Тинторетто, Веронезе... Сэргэн мандлын үеийн Венецийн өрсөлдөгч нар" нэртэй үзэсгэлэн нээв. Зохион байгуулагч нар нь гурван зураач хоорондоо өрсөлдөөд зогсохгүй бие биенээ “хоорондын дайндаа” шатрын хүү болгон ашигласан гэжээ. Тицианыг нас барсны дараа нас ахисан Тинторетто ба Веронезе хоёр хоорондоо хутгуур хийдэг байсан гэж Лувр хэлж байлаа.
Гэтэл Оросын А.С. Пушкины нэрэмжит Дүрслэх урлагийн улсын музей огт өөрөөр хэлж байна. “Зураач нарын дунд хатуухан өрсөлдөөн гучаад онуудад (XVI зуун) байсан" гэж музейн Италийн уран зургийг хадгалагч Виктория Маркова ярив. Энүүхэндээ гэхэд 1530 онд Тициан 40 настай, Тинторетто 11 настай, Веронезе дөнгөж хоёртой байжээ. Тиймээс сүүлчийн хоёр нь яагаад ч Тицианы өрсөлдөгч байж чадахгүй. Өрсөлдөөн гэсэн үг шууд утгаараа настай холбоотой гэвэл бас тийм биш.
Өрсөлдөөн, үзэн ядалт тэдэнд байгаагүйг Веронезегийн Луврт байгаа "Кане Галилей дэх хурим" зохиомж харуулж буй. Зургийн эхэн хэсэгт "концертино" (жижигхэн концерт) зурагджээ.
Түүнд оролцож байгаа хүмүүс нь энэ өгүүллийн баатрууд юм. Веронезе өөрийгөө цагаан хувцастайгаар зурсан байна. Түүний урдаас улаан хувцастай Тициан, харин Тицианы баруун гарт Тинторетто зурагджээ.
"Энэ нь хүндлэхгүй, шүтэхгүй байж болохгүй мастерт үзүүлсэн нэг ёсны магтаал юм. Тициан Венецийн сургуулийг үүсгэж, харин тэр хоёр нь үргэлжлүүлсэн” гэж Виктория Маркова ярив.
Венецийн Сан-Марко номын сангийн интерьерт зураг зурах захиалгыг Веренозе аваад захиалгаа дуусгасны дараа олны нүдэн дээр Веренозогийн авъаясыг үнэлэн түүнд Тициан алтан гинжийг гардуулж байжээ.
Тициан Вечеллио: Зураач ямагт эд зүйлийн учир утгын эрэлд гарах хэрэгтэй, зурж буй хүнийхээ мөн чанар, сэтгэлийг ямагт дүрслэн гаргах ёстой
Байгалиас заяагдсан суутан
"Саломея", 1515 он. Тициан Вечеллио
Венцианы сургууль бүрэлдэн тогтоход гол үүрэгтэй зураач нь Тициан байсан юм. Сэргэн мандлын үеийн соёлын дээд цэг болсон Рафаэль Төв Италийн Флоренци, Ромын урлагийг төлөөлж байв. Рафаэль 1520 онд нас барлаа. Тэр жилд нь Тициан өөрийн анхны алдартай зургийг бүтээж, Венецийн гол зураач байх алхмаа хийжээ. Тэр үед Венецийн урлагийн сургууль Италийн үндсэн сургуулиудын тоонд багтаагүй байлаа.
1530-аад оны эхээр Венеци хот тэнд ажиллаж амьдарч байсан, бусад хотуудаас ирсэн зураачдын өрсөлдөөний том талбар болсон байв. Ариун Ромын гэх улсын нийслэлд бүрэн ноёлохоор хүч хөдөлмөрөө, боломжоо, холбоо сүлбээгээ зарсан Тициан эцсийн дүнд нь хүслээ биелүүлж, байдлыг бүрэн гартаа авчээ. Өрсөлдөгч нар түүнд үлдсэнгүй. 1530-аад оны дундуур Тициан Ромын эзэнт улсын эзэн хаан V Карлтай танилцсан ба хаан түүнийг өөрийн “албан ёсны зураач” болгосон байна. Тэр байгалиас заяатай суутан. Тициан бүх Итали, бүх Европт ажиллаж, тавин насандаа нэр алдрынхаа оргилд хүрсэн байв.
Будагчин ба веронийн уугуул
Тинторетто нь аугаа мастер бөгөөд шашин-евангелийн сэдвийн суут зураач. Мөргөл хийж байхдаа зургийг харсан хүний сэтгэлийг бүтээлээрээ эзэмдэхийг хичээсэн сүүлчийн зураачдын нэг нь тэр байлаа.
Тинторетто гэж дуудагдсан Якопо Робусти:
Риальто гүүрэн дээр гоё цэцэг худалдан авч болно. Харин сайн зургийг авъяаслаг, тэвчээртэй сурсан, нойргүйгээр ажилладаг мухлагаас л худалдан авч болно.
Тинторетто өөрийн урлангийн ханан дээр “il disegno di Michelangelo ed il colorito di Tiziano ("Микеланджелогийн таталбар, Тицианых шиг өнгө") гэж бичсэн байжээ.
Тинторетто гэж дуудагдах Якопо Робусти: "Нууцлаг оройн хооллолт”, 1547 он.
"Тинторетто ба Веронезе Венецийн нийгэмлэгийн янз бүрийн давхрагынханд ажиллаж ирэв. Тинторетто ядуус, сүсэгтнүүд, буяны ахан дүүсийн төлөө ажиллан үүнийхээ төлөө маш бага шан хөлс авч иржээ. Тэрээр Венецийн буяны зургаан том ахан дүүсийн буяны нийгэмлэг болох Скуола Сан-Рокко-д хорин жилийн турш зургаа зуржээ. Харин Веронезе өөрийн зургаар Сан-Себастьяно сүмийг чимэглээд Верона хотол уригдав. Дараа нь тэрээр шилтгээний эзэд болох өндөр түвшний захиалагч нарт үйлчлэх болжээ. Тэрээр Венецийн бүгд найрамдах улсын “дож” гэж нэрлэгддэг сонгуульт тэргүүний ордонг сэргээх захиалга авсан анхны зураач байсан бол Тинторетто хоёр дахь нь болсон юм. Веронезе нас барж, харин Тинторетто үргэлжлэн ажилласаар байв.
Веронезе гэж нэрлэгдсэн Паоло Кальяри:
Төрөлхийн авъяасгүйгээр уран зураг оролдох нь давалгаанд үр цацахтай адил.
Венецийн сургууль нь Сэргэн мандлын хөгжлийн чухал алхам болдог. Цаг үеийнхээ шаардлагад нийцүүлсэн Рафаэлийн хүний тухай өндөр төсөөллийг амьд мэдрэмжээр дүүргэсэн Тицианы хандлагаар сольсон онцлогтой.
"Тициан, Тинторетто, Веронезе гурав нэгэн цаг үед амьдарч байснаараа бие биендээ үүрэг хүлээсэн. Ийм түвшний жинхэнэ урлаг вакуумд оршин тогтнохгүй. Зураачид нэг нь нөгөөгөөсөө дутахааргүй суутнуудынхаа тохойг хажуудаа мэдэрч байх ёстой”.
Веронезе гэж дуудагдсан Паоло Кальярийн зурсан “Христ эргэн амилсан нь” зураг (1575 оны орчим) II Екатерина хатан хааны үеэр Орост иржээ. Зургийг евангелийн судрын сэдвээр хувь хүний захиалгаар зурсан гэдэг.
М.Цогт "Ардчилал таймс" сонин