Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол "Тамгагүй төр" жүжиг “Херо энтертайнмент”-ын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулгаар Лондон хотын “West End”-ийн тайзнаа “Монгол хаан” /Mongol Khan/ нэрээр ирэх арваннэгдүгээр сарын 17-ноос арванхоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд тоглогдох гэж буй.
Тэгвэл тус жүжгийг монгол үзэгчиддээ зориулан дөрөвдүгээр сарын 28, 29, 30-ны өдрүүдэд гурван удаа УДЭТ-ын тайзнаа толилуулахаар болсон ба West End театрын тайзнаа залрах "Монгол хаан" жүжгийн хувилбараар ердөө гуравхан удаа тоглогдох гэж байна. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 40-120 мянган төгрөгийн үнэтэй байна.
“Тамгагүй төр” жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн тасралтгүй 70 удаа тоглоход 68074 үзэгч үзэж, 5 тэрбум төгрөгийн орлого олсон гэх статистикийг мэдээлсэн ба орлого, үзэгчдийн тоогоороо Монголын соёл урлагийн түүхэн дэх дээд амжилтуудыг тогтоосон гэж үздэг.