Японы алдарт жүжигчин, найруулагч Такэши Китано ирэх тавдугаар сард болох Каннын наадамд самүрайн тухай киногоороо өрсөлдөхөөр болжээ.
“Kubi” хэмээх энэ киноны гол дүр нь XVI зууны Японы хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг, цэргийн эрхтэн Ода Нобүнага бөгөөд найруулагч киноныхоо талаар ярихдаа “Самүрайн тухай кинонууд хүнийг мандуулахыг голчилсоор ирсэн болохоос биш тэр хүний цаана ямар чөтгөр нуугдаж байдгийг харуулж байсангүй” хэмээсэн байна.
Т.Китано 2019 онд бичиж хэвлүүлсэн номоо кино зохиол болгосноос гадна энэ кинонд мөн өөрөө дүр бүтээжээ. Түүний найруулсан кинонуудад өмнө нь тоглож байсан Хидэтоши Нишижима, Рио Касэ нарын алдартай жүжчигчид энэ кинонд тоглосон аж. "Тулааны хэсгүүд нь Акира Күросавагийн “Долоон самүрай”, “Кагэмүша” зэрэг киноныхоос дутахгүй" гэж продюсер Такэши Нацүногийн хэлснийг Японы хэвлэлүүд эш татжээ.
Өдгөө 76 настай Т.Китано 1983 онд алдарт найруулагч Нагиса Оошимагийн “Merry Christmas Mr.Lawrence” кинонд рок дуучин Дэвид Боуи, хөгжмийн зохиолч Рюүичи Сакамототой хамтран тоглосон нь анхны томоохон дүр нь болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд 50 гаруй кинонд тоглож, 20 шахам кино найруулан эх орондоо төдийгүй олон улсад нэрд гарсан юм.
Тэрээр 1997 онд “Hana-Bi” киногоороо Венецийн наадмын “Алтан арслан” шагналыг хүртэж байв.
MNB.MN