“American Horror Story” цуврал 2011 оноос хойш үзэгчдийн хүртээл болж буй. Тус цувралын арванхоёрдугаар бүлэг энэ зун нээлтээ хийхээр төлөвлөсөн бөгөөд реалити шоуны од Ким Кардашьян дүр бүтээж байгаа аж.
“Ким бол хамгийн алдартай, хамгийн хурц гэрэлтдэг телевизийн оддын нэг бөгөөд American Horror Story-гийн хамт олон түүнийг угтан авч байгаадаа баяртай байна” хэмээн бүтээлийн хамтран зохиолч, найруулагч Райан Мёрфи хуваалцжээ.
Мөн тэрээр Кимд зориулан хөгжилтэй, загварлаг, мөн туйлын аймшгийн дүрийг тусгайлан бүтээж буйгаа онцолжээ.
“American Horror Story”-гийн 12 дугаар бүлэг 2023 оны зун нээлтээ хийхээр төлөвлөж байна. Тус бүлгийн зохиол дээр цувралын түүхэнд анх удаагаа нэг хүн ажиллахаар болсон бөгөөд энэхүү үүргийг Хэйли Файфер хүлээхээр болжээ.
Тэрээр өмнө нь “Impeachment: American Crime Story”-гийн зохиолыг хариуцаж байсан туршлагатай юм. Мөн Ким Кардашьянаас гадна цувралын жүжигчдийн бүрэлдэхүүнд Эмма Робертс, Мэтт Закри нар багтжээ.