Монгол уран бүтээлчид Чингис хааны тухай олон улсын стандартад нийцсэн олон ангит кино бүтээх төсөлд нэгджээ. Тэдний зорилго “Дэлхий дахинд Чингис хааны энх тайвнаар зэрэгцэн орших үзэл санааг түгээн, монгол үндэсний брендинг хийх” аж.
Энэхүү киног зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Чингис хааны нууц түүх” романаар бүтээх ажээ. Кино уран бүтээлчид нэгдсэн шалтгаанаа, “Монгол үндэстний сэтгэлгээний онцлог, гүн ухааны асуудал, эзэнт гүрэн бий болсон нууцыг монгол зохиолчийн драматургийн шийдлээр зангидаж, монголоос анх удаа “Netflix” платформд гаргах түвшний бүтээл туурвих цаг нь болсон” хэмээн тайлбарлаж байна.
Төслийн Ерөнхий найруулагчаар УДЭТ болон “Орфей” театр, фильмийн найруулагч Мягмарнарангийн Батболд, ерөнхий продюсерээр зохиолч С.Жаргалсайханы хүү “Сорогдогийн Жаргалсайхан” сангийн тэргүүн Ж.Билгүүн, “Орфей” театр, фильмийн захирал Төмөрсүхийн Ариунчимэг нар, кино зохиолчоор утга зохиол судлаач Ядамсүрэнгийн Баяраа ажиллана.
Кино зохиолыг бүтээх үйл явцад зохиолчдын багаас гадна түүхч, судлаачдын баг оролцож буй юм байна.
“Чингис хааны нууц түүх” төсөл нь үндэсний брендинг, Чингис хааны үзэл санаа, үйл хэргийг дэлхий дахинд эерэгээр түгээн дэлгэрүүлэх сонирхол, амбицтай хэн бүхэнд нээлттэй төсөл ажээ.