Монгол Улсын Ардын Жүжигчин А.Долгор “Эгшиглэнт 50 жил” хүндэтгэлийн тоглолт гуравдугаар сарын 5-ны өдөр Соёлын төв өргөөнд тоглох гэж байна.
Төв аймгийн Соёлын ордноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүний хагас зуун жилийн бүтээлүүд энэхүү тоглолтоор дамжин үзэгч та бүхэнд хүрэх юм.
Ардын жүжигчин А.Долгор "Миний хувьд тайзнаа тавин жил дуулахдаа бие даасан 30 гаруй концерт тогложээ. Үүнээс хоёр л тоглолтыг арваннэгдүгээр сард хийсэн, бусдыг нь дандаа гуравдугаар сард хийсэн байдаг. Гуравдугаар сард концертоо тоглодог минь учиртай. Миний уран бүтээлийн санд ээжийн тухай дуу олон. Ээж гэдэг бол бидний ивээл, энэрэл хайр юм. Би ээжийгээ их санадаг. Тиймээс гуравдугаар сард Монголын сайхан ээжүүдэд хүндэтгэл үзүүлж, тоглолтоо хийсний дараа сэтгэл хөглөгдөөд эвтэйхэн болдог. Та бүхэн ээжтэйгээ хүрээл ирээрэй. Энэ жилийн тухайд урлагийн тайзнаа тасралтгүй дуулсан хагас зуун жилийн ойд зориулсан хүндэтгэл, мэргэжлийн урлагт бэлтгэсэн шавь нараа дуунд дуртай олон түмэндээ танилцуулах тайлан тоглолт юм” гэлээ.
Хүндэтгэлийн тоглолтод Ардын жүжигчин А.Долгортой хамтран уран бүтээл хийсэн дуучин, Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, Б.Сарантуяа, С.Ганзориг болон дуучин Т.Дэлгэрмөрөн, Б.Алтанжаргал нараас гадна Ардын жүжигчний гарын шавь нар болох Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Энхнаран, Л.Нарангэрэл, Үндэсний урлагийн их театрын дуучин Л.Наранхүү, “Сүлд” чуулгын дуучин Т.Санжаа, дуучин Л.Солонго, Э.Сүнжидмаа, Ш.Лхагвасүрэн нар багшийнхаа олны сэтгэлд хоногшсон дуунуудыг хамтран дуулна.
Мөн тоглолтод Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулгынхан оролцно.