Найруулагч Жанчивдоржийн Жамъянсүрэнгийн бүтээл 2021 оны “Улаанбаатар” олон улсын кино наадам болон 2022 онд ОХУ-д зохион байгуулагдсан “Киношок” олон улсын кино наадмын шагналт “Хөхөө” уран сайхны кино Москва хотын Киноны ордны цагаан танхимд энэ сарын 18-ны өдөр гарч, үзэгчдийн хүртээл болголоо.
“Киношок” олон улсын кино наадмаас дөрвөн гол шагнал, тухайлбал Гран-при “Золотая лоза”, шилдэг найруулагчийн, шилдэг эрэгтэй болон эмэгтэй дүрийн шагналыг авсан энэ кинонд эх үрсийн нандин далд холбоо, элбэрэл хайр, амьдрал-үхэл, өнгө мөнгө шүтсэн өнөө цагийн бусармаг араншинг тод томруун, сэтгэл сэртхийж, зүрх шимшрэм дүрсэлсэн байх агаад Цагаан танхимд олноороо цугларсан монгол иргэд, оюутан залуус, Москва хотын үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж, бүтэн хоёр цагийн турш дэлгэцийн өмнө уяжээ.
“Хөхөө” киног Оросын кино уран бүтээлчдийн холбоо, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Оросын нийслэлд анх удаа толилуулжээ.