УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Таныг сайд байхад туслахаар ажиллаж байсан залуухан бүсгүй сонгуулийн өмнө гэртээ шатаж нас нэг айхтар хэрэг гарсан гэж сонссон. Энэ хэргийн учир тайлагдсан уу?
-Франц, англи, хятад, орос хэлтэй, гайхалтай боловсролтой бүсгүй байсан. Сонгууль болохын өмнө найзууд нь гэж хүмүүс нь авч яваад “парти”-даад, дараа нь миний туслах өөрийнхөө гэрт шатаж нас барсан байдаг. Камерын бичлэгийг үзэхэд талийгаачийг зодсон, чирч гулдарсан, байшин дотор нь эхлээд жижиг гал гарсан байдаг. Яг тэр үед тэр хавьд нь машинтай хүмүүс наашаа цаашаа хөлхөлдсөн байдаг. Гал гараад нэлээд удаж байж байшин нь дэлбэрсэн. Дэлбэрэлт нь болсны дараа машинтай хүмүүс хөдлөөд явсан байдаг. Энэ хэрэг гарснаас хойш хоёр жил гаруй болж байна. Талийгаачийн ээж хэргийн араас байнга хөөцөлдөж яваа. Ээж нь улстөрч хүн, аав нь улстөрч хүн байсан. Эргэн тойрны хүмүүс нь бүгд улстөрчид. Энэ хэрэг намайг сайдаас буугаад УИХ-ын гишүүн байхад гарсан. Бид энэ хэрэг дээр ямар нэг улс төр хийгээгүй. Хамт явсан найзууд дотор нь нэг хоёрхон л эрэгтэй байсан. Тэдний нэг нь АТГ-т ажилладаг хүн байсан. Би АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр очихдоо манай туслахын амь нас хохирсон хэрэгт оролцсон хүмүүсийн нэг нь танайд ажилласан хэвээр байна шүү. Ядахдаа ажил албан тушаалыг нь түдгэлзүүлж өгөөч ээ гэсэн. Тэгсний дараа ч ажлаа хийсээр байсан. Камерын бичлэгийг харахад тэр охин 100 хувь бусдын гарт харагдаж байгаа. Хүмүүсийн мэдүүлэг, хэргийг хувиргахыг оролдож байгаа чигээр бол манай хүүхдийг өөрөө өөрийгөө галдан шатаасан болгоод явсан. Харин энэ хэрэг дээр прокурор сайн ажиллаж байгаа. “Энэ асуудлыг та нар үнэн мөнөөр нь оруулж ир, хөдлөшгүй баримтаа гаргаж тавь” гэсэн.
-Хэргийн шалгалт ингэж удаж байгаа шалтгааныг ядаж тайлбарласан уу?
-Цагдаагийн хүн, АТГ, тагнуулийн хүн оролцсон иймэрхүү хэргүүдийг тэд ээлжилж шалгадаг. АТГ-ын хүн оролцсон учир цагдаа шалгана, тагнуул шалгана гээд тойроод байдаг. Хамт байсан хүмүүсийн нэг нь ТЕГ-ын хүний хүүхэд байдаг. Экс тагнуулчийн хүүхэд байна гэнгүүт “Өө тэгвэл тагнуул шалгахгүй, цагдаа шалгана” гээд цагдаа, тагнуул хоёрын хооронд л энэ хэрэг яваад байна. Би энэ хэргийг нийгэмд ил гаргаж ярихгүй байя, улс төр хийхгүй байя, шинэ Эрүүгийн хуулийнх нь хэрэгжилтийг харъя, цагдаагийнхан хэргийг яаж шийдэхийг харъя гээд хүлээгээд байсан. Тэгсэн чинь биш юмаа. Шинэ Эрүүгийн хуулийг хэн дуртай нь өөрийнхөө эрх ашигт ашиглахаар их нүхтэй хийчихсэн юм байна. Хүмүүсийн шүүмжлээд байгаа нь аргагүй, маш олон хохирогч энэ хуульд дээр гомдол гаргаж байгаа.
Харин нэг зүйл дээр би бат итгэлтэй байгаа. Цаазаар авах ялыг дахиж сэргээхгүй. УИХ-ын, Засгийн газрын байр суурь ч ийм байгаа гэж найдаж байна. Тэгж байж хүн хэлмэгдэхгүй. С.Зоригийн хэрэг дээр ч гэсэн би анхнаас нь “буруу явчихлаа шүү” гэж хэлж л байсан. Цаазаар авах ялгүй оронд бол юм үнэн зөвөөрөө гараад л ирнэ. Хохирсон, хэлмэгдсэн гэж байгаа залуучууд 20 жилийн дараа гарч ирээд ярих л байх. Одоо энэ хэргийг “нууцын зэрэглэлтэй” гээд ярихгүй л байна. Гучин жилийн дараа нууцын зэрэглэлээс гарахаар нь ярих байх. Тэр болтол энэ хүмүүс амьд л байх ёстой. Цаазаар авах ялыг сэргээчих юм бол бид үнэн мөнийг мэдэж чадахгүй шүү дээ.
-Өмнөх УИХ-ын баталсан маш олон хуулийг энэ УИХ буцаасан. Үүнийг МАН-ын дур зорго л гэж бид яриад байна. Гэтэл 45 гишүүн, УИХ-ын бүрэлдэхүүний 60-70 хувь нь солигдоно гэдэг хууль тогтоох байгууллагыг ямар ч чадамжгүй, дээр нь ой санамжгүй болгодог юм байна гэдгийг бид сүүлийн хоёр жил харлаа. Тийм үү?
-Хүнийг хоморголон халахаар төр ингээд ямар ч суурьгүй болчихдог юм шүү дээ. Засаг солигдсоны дараа төрийг ямар ч ой санамжгүй болтол нь хүмүүсийг халж солилоо. Төр гэдэг чинь ой санамжтай, амьд хүнээр дамжиж оршин тогтнодог эд. Ажлаа мэддэг, уламжлалаа мэддэг, ямар зовлонгоос үүдээд ямар шийдвэрүүд гарсан бэ гэдгийг мэддэг хүмүүс нь төрдөө олонхи байх ёстой. Одоо бол мэдэхгүй нь олонхи болчихоод байна шүү дээ. Зөвхөн улс төрийн шалтгаанаар гэнэт халагдсан хүмүүсийн мөнгийг төлөх гэж улсын төсөвт жилд хэдэн тэрбумаар нь мөнгө тавьж байсан биз дээ. Тэр бол төрийнхөө ой санамжийг арчихад төрөөс зарцуулж байгаа мөнгө. Төсвийнхээ мөнгийг ч, төрийнхөө ой санамжийг ч байхгүй болгоод байна. Ой санамжгүй төр чинь олон улсад элэг доог л болдог байхгүй юу.
-Жишээ нь?
-Жишээ нь Үндсэн хуулийн Цэц байна, би бүр ичээд байх юм. Үндсэн хуулийн Цэцээр НҮБ-ийн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дагуу гаргасан цаазын ялыг хориглосон II нэмэлт протоколыг авч хэлэлцэнэ гэнэ ээ. Тэрийг батлах гэж НҮБ хичнээн жил хөдөлмөрлөж, хичнээн орноос санал авч, манай орон хичнээн удаа саналаа явуулж, НҮБ-ын хурал болгонд оролцож, үг хэлж байж батлууллаа даа. Батлуулсныхаа дараа тэрийг манайх авах уу, үгүй юу гэдгийг хичнээн жил бодож, хичнээн жил хэлэлцлээ. Үе үеийн төр засаг хэлэлцэж, үе үеийн парламентаар ярьсан. Тэгж байж УИХ-аараа батлаад “За манай улс үүнийг авах юм ёстой байна аа. За гэвэл ёогүй байна” гээд авсан. Одоо гэнэт Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцэнэ гэнэ. Үндсэн хуулийн Цэц үүгээр маргаан үүсгээд “Үндсэн хуулинд цаазаар авах ял байгаа учраас Эрүүгийн хуульд заавал оруулах ёстой” гэж зүтгэх гээд байгаа нь инээдэмтэй. Үүнийг ярихаар Ерөнхийлөгчтэйгээ муудалцчих гээд байдаг юмаа. (инээв)
- Та одоо ч гэсэн Х.Баттулгыг дэмжсэндээ харамсдаггүй юу?
-Харамсдаггүй. Бодлого нь яаж буруу байсан ч би Х.Баттулгыг дэмжсэнээ зөв гэж боддог. Харин цаазын ял буцаад сэргэчих юм бол жинхэнээсээ харамсана даа. Гэхдээ тийм юм болохгүй байх аа. Би зүгээр иргэнийхээ хувьд сэрэмжлүүлэх үүднээс хэлж байна. Одоо төрийн албанд байгаа энэ авлигын сүлжээ, мөнгөний бялуурал, мөнгөн аяганы татварыг хараад М.Энхболдыг дэмжээгүйгээрээ ямар зөв юм хийсэн бэ гэдгээ би мэддэг. Төрийг ийм болгосон хүнийг Ерөнхийлөгч болгоогүйдээ баярладаг. Гэхдээ энэ хүнийг Ерөнхийлөгч болгохгүй гэж тэмцсэний маань үр дүнг маань юу байхгүй болгож байна вэ гэхээр энэ хүн одоо хүртэл УИХ-ын дарга хэвээрээ байна. Тойрон хүрээлэл нь тэр хэвээрээ байгаа учраас төр бохирдсоор л байна.
-УИХ түүхэндээ хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүнтэй боллоо. Гэтэл үүний дараа “Квот гэдэг чинь ёстой хэрэггүй юм байна. Ийм байвал эмэгтэй квотоор яах юм бэ” гэдэг дээрээ туллаа?
-Квотоос ийм хурдан сэтгэл урваж болохгүй. Квот заавал байх ёстой. Квот байх ёстой юу, үгүй гэж бас дэлхийгээр нэг маргаж байгаад "байх ёстой" гэж шийдсэн. Түүгээрээ л байх ёстой.
-Гэтэл энэ олон эмэгтэй гишүүний хүч хаана байна аа, парламентад?
-Би энэ 13 гишүүнээ өмөөрөөд ганцхан үг хэлье. Та нар 13 эмэгтэйг л муу байна гэх юм. Цаана нь байгаа 63 эрэгтэй дотор манай 13 эмэгтэй шиг, эсвэл тэднээс дорыг нь жагсаагаад бичээд үз. Тэгвэл “Эрэгтэйчүүдтэйгээ харьцуулбал бас гайгүй юм байна аа” л гэдэг дүгнэлтэд хүрнэ. Одоогийн 13 гишүүнийг өмнөх парламентын 11 эмэгтэйтэй харьцуулаад байгаа байхгүй юу, зовлон нь. Тэгвэл одоогийн 63 эрэгтэйг түрүүчийн 65 эрэгтэй гишүүнтэй харьцуул л даа. У.Хүрэлсүхийг нь Н.Алтанухуягтай харьцуул. Тэгвэл ерөнхийдээ түрүүчийн УИХ, Засгийн газар чинь одооны УИХ, Засгийн газраас бүх түвшиндээ арай илүү байсан юм байна аа гэдэг харьцуулалт угаасаа гарч ирдэг юм. Зөвхөн эмэгтэй гишүүдэд бурууг чихэж болохгүй. Яах вэ, бидний 11-ийг бодвол хүчтэй байж чадахгүй байгаа.
-Тэгвэл эмэгтэйчүүд гэж ялгахаа больё. АН-ын бүлэг өнгөрсөн хоёр жилд сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж чадав уу?
-АН дотор сөрөг хүчний үүргийг яг ном ёсоор нь хийж байгаа хоёрхон л хүн байна. Төсвийн хяналтыг сөрөг хүчин хийж, Төсвийн хяналтын дэд хороог сөрөг хүчин удирдах ёстой. З.Нарантуяа гишүүн төсөв дээр сөрөг хүчний үүргийг ганцаараа 100 хувь биелүүлж байгаа. Хоёрдугаарт хүний эрхийн хяналтыг сөрөг хүчин хийх ёстой. Хууль хэний гарт, захиргаа хэний гарт байна, нөгөө талд нь хүний эрх зөрчигдөж байдаг. Эрх мэдэлтэй талаас хүний эрхийг хамгаалах нь сөрөг хүчний үүрэг. Үүнийг Л.Болд гишүүн хийж байгаа. Хүний эрх дээр дуугарахаа больчихвол, төсөв дээр дуугарахаа больчихвол сөрөг хүчин ажлаа хийхгүй байна гэж үзэж болно. Энэ хоёр чухал асуудал дээрээ сөрөг хүчин дуугарч байгаа.
-З.Нарантуяа, Л.Болд гишүүний хувьд хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ хоёр хүний ард бүлэг нь түрж чадаж байгаа юм уу? Хувь хүмүүс л дуугараад байгаа болохоос биш.
-Тэр харин муу байгаа шүү. Түүн дээр бол Д.Эрдэнэбат дарга бүлгээ удирдаж, энэ хоёр чухал асуудал дээр нэгдмэл хүч болж чадахгүй байна гэж харж байгаа. Яахав, “Эрдэнэт” гэх мэт том хэрүүл дээрээ бол дуугарч байгаа л даа. С.Эрдэнэ ч дуугарч байгаа, Д.Эрдэнэбат нь ч дуугарч байгаа. Баялаг булаацалдсан том хэрүүл дээр бол эрх баригчид ч хоорондоо хэрэлдэж болох зүйл. Сөрөг хүчний хамгийн гол дуугарах ёстой зүйл бол хүний эрх, төсөв хоёр шүү л гэж би хэлнэ.
-Нэгдмэл байж чадахгүй байгаа шалтгаан нь юу юм бол?
-Намд ч тэр, бүлэгт ч тэр манлайлах эрхийг хэдэн хүн гар өргүүлээд, дарга болоод авах нэг өөр. Оюун санааны нэгдмэл байдлыг хангасан манлайлал нэг өөр. Хэн тамга барьж байна түүнийг дарга гэж үздэг нь албан манлайлал. Жинхэнэ манлайлал гэдэг нь тамга барьж байгаа дарга үзэл санаа, ярих гэж байгаа зүйлийнхээ ард багаа жинхэнээр нь, бүтнээр нь байлгаж чадаж байна уу гэдгээр хэмжигддэг. Тэр утгаараа бол манай аль ч нам дотор тамга барьсан хүн нь жинхэнэ манлайлагч байгаа нам алга. Ганц АН-д ч биш, бүх намыг хэлж байна. Тамгаа л барьчихсан байна, гэхдээ оюун санааныхаа манлайлагчийн байр сууриа алдчихсан байна. Багийг нэгдмэл байлгах ур чадвар алдагдсан байна. Багийг яаж хувааж, хагалах вэ, яаж өөрийн хүмүүсээр хүрээлүүлэх вэ гэдэг явцуу байр суурь нь давамгайлчихсан байна. Жинхэнэ манлайлал дутагдсан газарт хүч бөөгнөрч өгдөггүй. Есхөн хүний ард ч, 65 хүний ард ч хүч бөөгнөрөхгүй байна. Яагаад гэвэл энэ хоёр намын толгойд хүмүүс тамга л барихаас үзэл санаа барихгүй байна.
-Сая “Ард түмнээ сонсьё” билүү, аян яваад намаа шинэчлээд хуралдаад байсан биш үү? Тэнд гишүүдийн оролцоо жигд байж чадсан юм уу? Эсвэл бас бүлэг фракциараа ялгараад, нэг хэсэг нь яваад байгаа юм уу?
-Эерэг хүч хуримтлагдах чинь хуралд хэдэн хүн ирснээс хамаардаггүй. Ирц бүрдүүлж, суудал дүүргээд хийдэг ажил биш. Өдөр тутам, тасралтгүй явагдаж байдаг процесс. Тэр процесс ямар үед тасалддаг вэ гэхээр үзэл санааны манлайлагчаа олоогүй үед тасалддаг. Тамга барьсан манлайлагч нар бол хаа сайгүй байна. Тэрийгээ дагаад үзэл санаа өдөр тутам, тасралтгүй бөөгнөрөөд, хуйлраад байж байх ёстой. Тэр тасралтгүй процессийг тасалж байгаа зүйл нь мөнгө байна. МАН дотор хүч хуримтлагдахыг тасалж байгаа зүйл нь 60 тэрбумын мөнгө байна. АН дотор хүч хуримтлахыг тасалж байгаа хамгийн том саад нь өндөр татвар байна. Намын дарга, гишүүдийнхээ дунд мөнгөөр хашаа босгочихжээ. Дөнгөж сургууль төгсөөд ажилд орох гэж байгаа хүүхэд төрийн алба хоёрын дунд мөнгөөр хашаа босгочихжээ. Төрийн албан хаагч семинарт явахын тулд даргадаа өргөл барьц өгдөг болсон байна, очсон газрынхаа даргад бас өргөл барьц өгч байна. Аягүй бага цалинтай, тэгсэн мөртлөө зүгээр нэг хуралд явахын тулд 100, 100 мянган төгрөг зээлээд очих гэж байгаа газрынхаа даргад бэлэг авч өгдөг. 60 тэрбумын схем чинь төрийн албан хаагч нарыг бүр солиоруулж байна шүү дээ.
-Тамга барьсан манлайлагчаа тойроод оюун санааны манлайлагч нар нь хүрээлж болдоггүй юм уу?
-Яах тэгэх юм, мөнгө байхгүй юм чинь. Мөнгөөр босгосон хашааных нь гадаа ярвайгаад л сууж байна шүү дээ. ҮБХ-д орьё гэхэд балиар их мөнгө нэхэж байна. Жилийн татвар нь гурван сая төгрөг. Дээр нь намайг сонгох гэж ирж байгаа бүх хүн мөнгөтэй ирэх ёстой. Тэр мөнгөө хүмүүс төлж чадахгүй. Төлж чадахгүй учраас би тэр хүмүүсийн татварыг өмнөөс нь төлөх ёстой. 100 хүнээс сонгогдъё гэвэл 100 хүний татвар төлөх ёстой. 1000 хүнээс сонгогдъё гэвэл 1000 хүний татвар төлөх ёстой. Дээр нь орон нутгийнхаа хурган дарга нарт мөнгө өгөх ёстой. Тооцоо хийж үзсэн чинь би ҮБХ-нд орохын тулд дор хаяж 20 сая төгрөг хэрэгтэй юм билээ. Хамгийн цөөхөн хүнтэй нам дээрээс сонгогдъё гэхэд. Хэзээ нам ийм байсан юм бэ, хэзээ ардчилал ийм байсан юм бэ?
“Татварын энэ тогтолцоогоо болиоч ээ, гишүүдийн чинь татвар өндөр болчихвол гишүүд чинь намынхаа хуралд ирэхээ больчихно шүү” гэж анх энэ татварыг хэлэлцэж байхад нь би зөндөө хэлсэн. С.Эрдэнэ дарга маань тамгаа барьж сайхан зогсч байгаад л батлуулчихсан. Тэрний гор нь одоо 1000 төгрөгөө бариад намынхаа хуралд ирдэг гишүүдийн тоо эрс цөөрсөн. 100 мянган гишүүнтэй нам маань 10 мянган гишүүнтэй болсон юм уу, мөнгөө төлдөг хэдэн хүн үлдсэн юм, мэдэхгүй. Би цэвэр сонгууль, цэвэр ардчиллын төлөө 30 жилийн амьдралаа зориулчихаад одоо ардчиллаа оршуулахын тулд мөнгө төлөөд сууж байж болохгүй биз дээ. Ариун цагаан хөдөлмөрөөрөө оршуулгын зардал төлмөөргүй байна. Жирийн гишүүд нь зүгээр л цуглаж ирээд хуралдаа суудаг, төлж чадах мөнгөө төлдөг баймаар байна.
-Энэ татвар чинь тэгээд МАН-ын 60 тэрбумаас юугаараа дээр юм?
-Яг үнэндээ 60 тэрбумын схем манай намд ч ороод ирсэн. Энэ чинь хэрээс хэтэрлээ шүү гэж хэн нэг нь хэлэхгүй бол болохгүй биз дээ. Би тэгээд УИХ-д суух эрхээрээ дэнчин тавиад л хашгирья л даа. Хэдэн жил хашгируулах юм мэдэхгүй. Би Баттулга ерөнхийлөгчийг дэмжсэн. Гэхдээ түүний цаазын ялыг сэргээх бодлого надад таалагддаггүй. Би С.Эрдэнэ даргыг намын даргын хувьд хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тэр хүний татварын бодлогыг шүүмжилдэг. М.Энхболд гэдэг хүн УИХ-ын дарга хэвээр байна, гэхдээ тэр хүн төрийг наймааны хэрэгсэл болгож дууслаа. Ингээд л үнэнээ хэлж сурцгаая л даа. Үнэнээ ярьж чадахгүй болсон улсад ирээдүй байхгүй.
-УИХ-ын гишүүний ажлаа өгөөд хоёр жил гаруйн хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд миний харснаар УИХ-ын экс гишүүдээс тань шиг нийгэмд идэвхитэй үйл ажиллагаа явуулсан хүн бараг алга. Улстөрч гэдэг хүн нэгдүгээрт манлайлагч, хоёрдугаарт, мартагдахгүй байх ёстой гэдэг. Энэ дүрмийг та маш сайн хэрэгжүүлж байна. Гэхдээ яагаад заавал “Жорлонгоо өөрчилье” гэж?
-Ер нь бол би “Жорлонгоо өөрчлье”-ийг мартагдахгүй байхын тулд бодож олоогүй юм. Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэж үг байдаг даа. Хамгийн сонирхолтой нь улс төр жорлонгоор оролдсон байхгүй юу. Би УИХ-д байхдаа Хог хаягдлын тухай хууль санаачлаад түүн дотроо бүр жорлонгийн тухай бүтэн бүлэг оруулсан. Тэгсэн гишүүд, ажлын хэсгийнхэн “жорлон” гэдэг бүлэгтэй хууль гаргахгүй, нэр нь муухай байна гээд “жорлон” гэдэг үг маань нэг нэгээрээ алга болсоор байгаад 2016 онд УИХ буухын өмнөхөн хууль маань батлагдсан. Ингэхдээ хоёрхон газар “жорлон” гэдэг үг нуугдаж үлдсэн. Гэхдээ маш хэрэгтэй хоёр заалт нь үлдсэн. Орон нутгийн хөрс бохирдуулагч жорлонг өөрчлөхөд шаардлагатай төсвийг орон нутгийн төсвөөс гаргана, аж ахуйн нэгж байгууллагууд шинээр хөрс бохирдуулагч жорлон барихыг хориглоно гэдэг хоёр заалт.
Гэтэл 2016 оны УИХ анхны чуулганаа хийнгүүтээ зарим хуулийг буцаасан. Түүн дотор Хог хаягдлын хууль буцаад Засгийн газар руу явсан. УИХ өөрөө Хог хаягдлын тухай хууль, жорлонгоор оролдсон байхгүй юу. Тухайн үед би жорлонгийн хууль буцчихлаа гэж улс төр хийгээгүй. Эрүү, Зөрчлийн хууль гээд хүний эрхтэй холбоотой илүү чухал хуулиуд буцсан учир би түүн дээр нь шүүмжлэлтэй хандсан. Хүний хэлэхгүй ч гэсэн дотроо нэг зуудаг юм байна шүү дээ. За яахав, би үүнийг чинь өнөөдөр хэлэхгүй ч өөр нэг өдөр хэлнэ дээ гэж бодож авч үлдсэн нь зүйл маань жорлон. Энэ хууль бол эмэгтэй гишүүдийн маань хийсэн ажил юм шүү, дараагийн эмэгтэйчүүд нь босгоод ирээрэй гэж захисан. Д.Оюунхорол гишүүн Байгаль орчны сайд байхдаа эмэгтэй гишүүдийнхээ санаачилсан хуулийг босголцъё гэж уриалаад батлуулсан. Одоо бол бизнесийнхэн жорлонгоо өөрчлөх талаар маш их сонирхож байна. Өөрсдийнхөө ажлыг эргэн харж байна. Төрийнхөн, иргэд маш их оролдлого хийж байна. Төр, иргэн, бизнес гурав хамтраад ирэхээр бүтдэг дээ гэсэн өнгө рүү шилжих гээд байна. Энэ урам зоригоор ирэх жил дахиад “Жорлонгоо өөрчилье” аянаа үргэлжлүүлнэ.
-Жорлонгийн асуудал амжилттай яваа юм байна. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль маань юу болох нь вэ? Шинэ УИХ-ын буцааж татаад эргүүлж оруулж ирсэн, шинээр баталсан хоёр хууль маш их шүүмжлэгдэж байгаа. Одоо дахиад Зөрчлийн хуулиа өөрчилнө гээд намрын чуулганаар хэлэлцхээр оруулаад ирсэн байна?
-Тухайн үед миний хамгийн их бухимдаж байсан асуудал бол хуулийн салбарын шинэчлэлтэй холбоотой таван багц хууль байсан. Түүн дотор Хууль сахиулах ажиллагааны тухай хууль гэж маш чухал хуулийг шинэ УИХ буцааж оруулж ирэлгүй бүтнээр нь аваад үлдчихсэн. Гэрч хохирогчийг хамгаалах, шүүхээ хамгаалах механизм болох Тахарын албаа устгасан. Хамгаалалтгүй шүүх гэдэг чинь шударга байхаасаа айдаг байхгүй юу. Шүүх хамгаалалтад байгаа үед шүүгч хараат бусаар шийдвэр гаргаж болдог. Гэтэл шүүхээс хамгаалалтыг нь аваад хаячихсан. Гэрч, хохирогчийг хамгаалалтгүй хаясан. Хууль сахиулагч нар хамгаалалтгүй болсон. Иргэнийг хууль зөрчиж байхад хууль сахиулагч газар дээр нь ямар ажиллагаа явуулах вэ, ямар ажиллагаа явуулж болохгүй вэ гэдэг хуулийг бид нар гаргаад тавьсан, энэ УИХ алга хийсэн. Хууль сахиулагч, шүүгч, гэрч, хохирогч гээд шударга ёсыг сахиулахад оролцдог бүх оролцогчдыг хамгаалалтгүй болгосон. Ийм газар хууль зөвхөн хүчтэйд нь үйлчилдэг. Хүчтэйн өмнө хүчгүй нь буруутай болдог. Осол болоход хэрэв хүчтэй хүн дайруулсан бол дайрсан жолоочийн буруу, хүчгүй хүн дайрсан бол дайруулсан хүний буруу. Өнөөдөр манайд яг ийм болсон.
Өнгөрсөн зун манай “Нутгийн шийдэл” санд хулгай орсон. Маргааш өглөө 21 аймгаар явна гээд бүх аяллаа төлөвлөчихсөн байхад үүрээр хулгай ороод бүх компьютерыг маань аваад явсан. 21 аймгаа тойроод буцаад ирэхэд нөгөө компьютерийн хулгайч олдоогүй л байлаа. Эхний нэг сар дотор цагдаа олчихсон л юм яриад байсан. Хоёр дахь сараас эхлээд “Ер нь танай буруу биш юм уу” гээд, гурав дахь сараас прокурор нь утасдаад “Та нар өргөдөлөө татаач” гэсэн юм руу л орж байгаа байхгүй юу. Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр манай хуулийнхан ямар баримжаагүй болсон юм бэ гэдэг л харагдаж байгаа юм. Юу шалгаж байгаагаа мартсан, хэн нь буруутай, хэн нь хохирогч гэдгийг мартсан, эргээд хохирогчийг яаж буруутан болгох вэ гээд л явж байна.
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (13)