"Трио" уран сайхны кино 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино”-ны шагналыг хүртлээ. Дэлхийн 100 гаруй улсын 5000 кинотой өрсөлдөж, хоёрдугаар шатанд 57 улсын 156 шилдэг уран бүтээлтэй тунаж үлдсэн байна.
Киноны гол дүрд 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тоглосон бөгөөд жүжигчин Д.Баттөмөр найруулж, өөрөө мөн дүр бүтээсэн. Энэхүү киног Австралийн Перт хотын Burswood задгай кино театрт гаргаж, театраас орж ирэх мөнгөн орлогыг Монголын дауны холбоо болон Авсрталийн дауны холбоонд ижил тэнцүү хандивлахаар болсон байна.
“Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан "Трио" уран сайхны кино 2023 оны xоёрдугаар сарын 24-нд Монголд нээлтээ хийхээр болжээ.