Монголын Кино Бүтээгчдийн Холбоо, Nomadia Pictures болон Ж.Сэнгэдорж найруулагч нарын хамтран бүтээсэн “Худалдагч охин” буюу “The Sales Girl” уран сайхны кино нь 27 дахь “Бусаны Олон Улсын Кино Фестиваль”-ийн “A Window on Asian Cinema” хэсэгт албан ёсоор шалгаран 40 гаруй орны бүтээсэн 30 кинотой өрсөлдөх эрхээ авлаа.
“Бусаны Олон Улсын Кино Фестиваль” нь азийн бусад орнуудад зохиогддог фестивалиуд дундаа хамгийн нэр хүндтэйд тооцогддог, А зэрэглэлийн фестиваль төдийгүй 70 гаруй орны 200 орчим кино бүтээлүүдийг сонгон шалгаруулж 14 хэсэгт өрсөлддөг юм.
“Худалдагч охин” уран сайхны киноны оролцох “A Window on Asian Cinema” хэсэг нь Азийн кино урлагийн салбарт өөрийн хэв маяг, онцлог бүтээлүүдээрээ цойлон гарч ирж байгаа нэр хүндтэй найруулагчид болон шинэ залуу найруулагчдийн сүүлийн үеийн шилдэг бүтээлүүдийг олонд таниулдагаараа онцлогтой юм.
Дашрамд, “Худалдагч охин” уран сайхны кино нь “Осакагийн Азийн Кино Фестиваль 2022”-д өрсөлдөн Шилдэг дүрийн шагналыг хүртсэн бол “Нью Йоркын Азийн Кино Фестиваль 2022”-д мөн сонгогдон өрсөлдөж Шилдэгийн шилдэг кино шагнал болох “Uncaged Award for Best Feature Film” шагналыг хүртсэн билээ.