x

Данзангийн Нямсүрэнгийн "Дөрвөн цаг" шүлгийг дуу болгож, наадмаар олны хүртээл болгоно

Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмын хөгжмийн зохиолчоор ажиллана.

Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны хөгжмийн зохиолчийн ажлын онцлог тулганы гал бадраах ёслолд зориулсан хөгжмийн бүтээлийг шинээр туурвих бөгөөд Данзангийн Нямсүрэнгийн "Дөрвөн цаг" бүтээлийг дуу болгон амилуулж байна.

Ингэхдээ монголчуудын дөрвөн цагийн аж амьдралыг гайхамшигт бүтээл болгон үзүүлэхээр бэлтгэж байна.




Данзангийн Нямсүрэнгийн "Дөрвөн цаг" шүлэг

1.

Бороо ганц нэг дуслах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтээ шувууд ганганах нь сайхан.

Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхан.

Хангайн бороо гэнэт асгах нь сайхан
Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан
Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан
Холоос гийчин ирэх сайхан.

Шаргал талын өвс халиурах нь сайхан
Шанхны үзүүрт салхи сэвэлзэх нь сайхан
Сартай шөнө бухал дээр унтах сайхан
Чамайг зүүдлээд, газарт ойчих сайхан.

Үе үе бороо амсхийх сайхан
Өлгөсөн цувнаас ус дусах нь сайхан
Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан
Үүдээр болжморууд нисэн өнгөрөх сайхан.

Шөнө дөлөөр хүлэг морь янцгаах нь сайхан
Шүлэг нойрноос сэрж орчлонг бодох сайхан
Өрхний завсраар гэгээ орох сайхан
Өглөө болох сайхан.

Цайран цайран бороо орох нь сайхан
Цавьдар морьтой хүн наашаа давхих нь сайхан
Борооноос өмнө ирлээ гэж ярих нь сайхан
Боржгон эмээлээ аваад орж ирэх нь сайхан.

Хөх лонхон тогоруу дуугарах нь сайхан
Хөдөө цайдам борооших сайхан
Анирхан ахуйд цэцэг дохих сайхан
Аадрын өмнөх байдал сайхан.

Тооноор сар гэрэлтэх сайхан
Тогоотой сүүнд тусах сайхан
Шөнө орой гарах сайхан
Чөдөртэй морь тургилах сайхан.

Шиврэн шиврэн бороо орох сайхан
Ширэг зүлэг ногоорох сайхан
Зүүн өмнө солонго татах сайхан
Зүсэр бороо гэрэлтэх сайхан.

Гэгээн борооны усыг тосох сайхан
Гэзэг үсээ хүүхнүүд угаах сайхан
Агь хөмүүлийн үнэр сэнгэнэх сайхан
Аясхан бодол хол ойрыг санах сайхан.

Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан.

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох сайхан.

2.
Өглөө болоход цас орсон байх нь сайхан
Өрхний оосор даялахад тооноор цас унах сайхан
Гадаа уул толгод гялалзах нь сайхан
Ганц нэг өвс салхинд сэвэлзэх нь сайхан.

Үдэш орой айлын гэрэл харагдах сайхан
Үрээ морины хөл хөнгөрөх сайхан
Хонох айлд үеийн бүсгүй байх сайхан
Хоточ нохой сарны гэрэлд хуцах сайхан.

Тооноор цас будран орох нь сайхан
Тогооны таган дээр унаад хайлах нь сайхан
Гэрийн хойморт аав суух сайхан
Гэрэлтэй үүдээр ижий орж ирэх сайхан.

Хөтлийн оройд нар тусах сайхан
Хөсөг тэрэг гарч ирэх сайхан
Тэрэгний дугуй чахран чухран эргэх нь сайхан
Тэргэн доороос шувуу нисэх сайхан.

Тэнгэр будангуйрч сундайх нь сайхан
Тэртээ холын юм үзэгдэх үгүйтээ нь сайхан
Салхи эргэж утаа хуйрагнах сайхан
Цас эргэлдэн эргэлдэн малгайлах сайxан

Зуухны галд нозоорон нойр хүрэх сайхан
Зуны орой согтов гэж тэрхэн зуур зүүрмэглэх сайхан
Хээ-.. Цай уу гэж бүдэг бадаг үг дуулах сайхан

Цайдам хоолойтой цайвалзаж цахилах сайхан
Цаадах уулс гял гялсхийн харагдах сайхан
Цас шуурч тогтоод гялбас гялбасхийх сайхан
Цагаан өндөр мэлтэс мэлтэсхийх сайхан

Одод тодрох нь сарны ойролцоо илүү сайхан
Онгон талд адуу минь байх шиг сайхан
Он цагийн гурван марал бодол зөгнөх сайхан
Ондоо гаригийн хөлөг ирж явах шиг сайхан

Цас орон орон лавсах нь сайхан
Цаг эргэж ирэх сайхан
Царайлагхан чамайгаа, намайг тоогоогүйг тоосон гэж бодох сайхан
Цаг гэрт цохилсоор байх нь сайхан

Тэргэл сартай шөнө гадаа зогсох сайхан
Тэргэн дээр хураасан бараа сүглийх нь сайхан
Тэртээх хөндий цайвартаж сүүдэртэх нь сайхан
Тийшээ очмооргүй аймар санагдах сайхан.

Явган шуурга гадаа исгэрэх сайхан
Яндан юмуу нэг юм, хаа нэгтээ дар дархийх сайхан
Гэнэт гэнэт нүдгүйлэн харанхуйлах нь сайхан
Гэрийн хаяагаар цас хунгарлах нь сайхан

Айлын гэрээс хүмүүс гарцгаах нь сайхан
Арилсан тэнгэрт шувууд нисэх сайхан
Уул тал руу гүйх сайхан
Улаан хацартай хүүхдүүд тоглох сайхан

Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэрээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн улиралд амьд явах сайхан
Эрээн цавд цас орох сайхан

3.
Цас хайлж, ханзрах сайхан
Цаг ирэх сайхан
Чамайг хүлээх сайхан
Цаг харах сайхан

Шувуу ирээд буух сайхан
Чулуун дээр суугаад нисэх сайхан
Харгуй замаар хүн явах сайхан
Хадан дээр би суух сайхан

Айлын бүсгүй усанд явах сайхан
Арын булаг руу дурандах сайхан
Цэнхэр зэрэглээ сүүмэлзэх нь сайхан
Цэнхэр дээл чамд зохих нь сайхан

Толгодын орой зэргэлтэх нь сайхан
Торгон салхи сэвэлзэх сайхан
Хөх ногооны униар татах сайхан
Хөх мананд ороолгон суух сайхан

Амгалан шөнө нойр хулжих сайхан
Алсын чимээ анирлах сайхан
Бүүр түүр холд нэг юм жингэнэх сайхан
Бүүвэй бүүвэй хорвоо сайхан

Хэн нэгэн ирээд явах сайхан
Хэрэг болгож надаас, гал байна уу? гэх сайхан
Ертөнцийг аргадах хийгээд, бусдыг бодох сайхан
Юм бүхнийг хайрлах, гол мөрөн урсах сайхан

Цөн түрж, гол урсах нь сайхан
Цөмөрвөл, би бас урсана даа гэж бодох сайхан
Өглөө голын эрэгт, ганцаархнаа сайхан
Орой голын эрэгт, хоёулаа сайхан

Хашаа тэргэн дээр шаазгай үглэх сайхан
Хаанаас хэн ирэх нь зөн шиг сайхан
Дөрвөн зүгээс ураг садан ирэх нь сайхан
Дөтийн замаар хань нөхөд ирэх нь сайхан

Цэнхэрлэж нутгийн бараа харагдах нь сайхан
Цэлэлзэх нүдний нулимс гарах нь сайхан
Дөрөөн дээр өндийгөөд исэгрэн давхих сайхан
Дөрвөн туухай хооронд шувуу нисэх сайхан

Хаврын өглөө эрт босох сайхан
Хазаар аваад моринд явах сайхан
Сэрүүн цас үнэртэх нь сайхан
Сэмжин өөхнөөс нь хүлхэх сайхан

Он он жил хөдөө суух сайхан
Од мэт хөх дан сууцанд амьдрах сайхан
Дээр яваа сансрын хөлөг эргэж ирэх сайхан
Дээврийн цас хайлж янжуур цог дээр дусах сайхан

Ургамал цэцэг ургаж ногоорох нь сайхан
Утасны мод хөхөрч гандах нь сайхан
Он жилүүд ирэх сайхан
Он жилүүд одох сайхан

Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгэээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран дуулмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн улиралд амьд явах сайхан
Эрээнцавд гол урсах сайхан

4.
Навч ганц нэг унах сайхан
Наран толгодын цаанаас харах сайхан
Сэв сэв салхи үлээх сайхан
Сэм сэмхэн хуй босох сайхан

Гол мяралзан урсах сайхан
Ганц нэг ялаа долгионд нь суух сайхан
Морины шар хомоол тэрүүхэнд хөвөх сайхан
Модон тэрэгний ганц ялуу урсаж өнгөрөх сайхан

Хол ойрыг санагалзах сайхан
Хот айлаас хэн нэгэн нь явахад үг захимаар сайхан

Алаг нүдний нулимсан дусалд багтан
Ай миний эх орны дөрвөн цаг
Асгаруулан мэлтэлзүүлэн байна уу да
Аяа хөөрхий гэж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 9 цаг 42 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 9 цаг 44 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 9 цаг 57 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 10 цаг 0 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 10 цаг 2 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 10 цаг 4 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 10 цаг 6 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 10 цаг 11 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 10 цаг 13 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 10 цаг 30 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 12 цаг 50 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 13 цаг 8 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 14 цаг 40 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 14 цаг 43 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 14 цаг 44 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 14 цаг 45 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 14 цаг 48 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 14 цаг 52 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 14 цаг 54 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 15 цаг 4 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top