70 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рико арал дээр болж, тэргүүн миссийн титмийг Польш улсын мисс, 21 настай Каролина Белавска өмслөө.
Каролина Белавска загвар өмсөгчөөр ажилладаг. Менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж буй дэлхийн мисс магистрын зэргээ хамгаалсны дараа докторын зэрэг горилохоор төлөвлөжээ. Усанд сэлэх, шумбах, теннис, бадминтон тоглох дуртай, бусдад урам зориг түгээгч нэгэн байхыг эрмэлздэг.
Мөн сайн дурын ажилд идэвхтэй оролцож, орон гэргүй хүмүүст тулгардаг асуудлуудыг шийдэх, нийгмийн ялгаварлан гадуурхалтын эсрэг төсөл хэрэгжүүлдэг. Төслийн хүрээнд ням гараг бүрт тусламж шаардлагатай 300 гаруй иргэнд халуун хоол, ундаар үйлчилж, хууль зүй болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Мисс бүсгүй цар тахлын үед вакцины бүртгэлд ороогүй 400 хүнийг дархлаажуулалтад хамруулах зөвшөөрлийг Засгийн газраасаа авч чаджээ. Мөн Польшийн Лодз хотод орон гэргүй хүмүүст зориулсан нийтийн ариун цэврийн байгууламжийг барьсан байна.
"Дэлхийн мисс 2021" тэмцээний дэд байрт АНУ-ын мисс Шри Сайни, гуравдугаар байрт Кот д'Ивуар улсын гоо бүсгүй Оливиа Йейс шалгарчээ.
Харин Монгол Улсаа төлөөлөн "Дэлхийн мисс"-т оролцсон А.Бөртэ-Үжин тус тэмцээний “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлснээр шилдэг 40 оролцогчийн нэг болж, сүүлийн шатны шалгаруулалтын тайзнаа өөрийн үзүүлбэрийг толилуулсан байна.