Дэлхийн хамгийн алдартай, хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг Грэмми шагнал гардуулах ёслолыг коронавирусийн Омикрон хувилбарын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. АНУ-ын дуу бичлэгийн академи энэ тухай албан ёсны вебсайтаараа дамжуулан мэдээллэв.
64 дэх удаагийн Грэмми ёслол энэ сарын 31-ны өдөр Лос-Анжелес хотын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдахаар товлогдсон байсан билээ.
Мэдэгдэлд, "Омикрон хувилбарын тархалттай холбоотой тодорхойгүй байдал үүссэн энэ үед нэгдүгээр сарын 31-нд ёслолыг зохион байгуулах нь маш их эрсдэл дагуулах болно. Манай хөгжмийн нийгэмлэгийн гишүүд, зочид, мөн ёслолыг бэлтгэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөж буй олон зуун хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдал нь бидний эн тэргүүнд авч үзэх асуудал хэвээр байна" хэмээн бичжээ.