ХОНКОНГ. /NHK/. Хонконгт Засгийн газрыг эсэргүүцсэн, олныг хамарсан жагсаал цуглаан өрнөж эхэлсний нэг жилийн ой мягмар гарагт болжээ.
Хонконгт өнгөрсөн оны зургадугаар сарын 9-нд нэг сая гаруй хүн эх газрын Хятадад сэжигтнүүдийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцэн жагссан байна.
Хэдийгээр уг хуулийн төслийг эргүүлэн татсан хэдий ч хонконгчууд одоо үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулах шийдвэрийг эсэргүүцэж байгаа ажээ.
Хонконгийн төвд мягмар гаргийн орой хэдэн зуун хүн цугласан бөгөөд зарим нь шөнө хүртэл эсэргүүцлээ илэрхийлжээ. Цагдаагийн ажилтнууд жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий цацсан байна. Цагдаагийн газрын мэдээлснээр, хууль бус цуглаанд оролцсон хэрэгт холбогдуулан 53 хүнийг баривчилжээ.
Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хороо зургадугаар сарын 18-20-нд хуралдана гэж Хятадын төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ. Байнгын хороо дээр дурдсан баримт бичгийг боловсруулах асуудлыг хариуцаж байгаа бөгөөд уг хурлаар хуулийн төслийг баталж магадгүй байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ