АНУ-ын сансар судлалын түүхэнд тодоор бичигдэн үлдэх үйл явдал өчигдөр тохиолоо. 2011 оноос хойш анх удаагаа Америкийн нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг амжилттай хөөргөөд байна.
Америкийн “SpaceX” компанийн бүтээсэн сансрын хөлөг Флорида мужийн сансрын төвөөс амжилттай хөөрчээ. Энэхүү сансрын хөлөг Америкийн хоёр сансрын нисгэгчийг Олон Улсын Сансрын Төвд хүргэх юм. Өнгөрсөн 10 орчим жилийн турш Америкийн сансрын нисгэгчид Оросын сансрын хөлгөөр олон улсын сансрын станцыг зорьж байсан бол одоо ийнхүү өөрийн орны нутаг дэвсгэрээс нислэг хийж эхлээд байна.
“Драгон” гэж нэрлээд буй сансрын хөлгийг “Фалкон 9” пуужингаар зөөвөрлөжээ. Хөлөг газраас хөөрснөөс хойш 12 минутын дараа пуужингаас салгагдсан байна. Түүхэн гэж нэрлэгдэж байгаа энэхүү нислэгийг өнгөрсөн лхагва гаригт хийхээр төлөвлөж байсан ч цаг агаарын таагүй байдлаас үүдэн хойшлуулаад байсан юм.
АНУ-ын Сансар Судлалын “НАСА” агентлаг олон улсын сансрын станц уруу бараа бүтээгдэхүүн төдийгүй сансрын нисгэгчдийг зөөвөрлөх пуужин, сансрын хөлгийг бүтээх төсөлд хувийн компаниудыг татан оролцуулж эхлээд байна. “SpaceX” компани Америкийн сансрын нисгэгчдийг олон улсын сансрын станц уруу тээвэрлэж буй анхны хувийн компани болж түүхэнд нэрээ мөнхөллөө.