Дэлхийн улс орнууд дахь коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн байдлаар ОХУ, Бразил, АНУ батлагдсан халдварын тоогоор тэргүүлсэн хэвээр, Перу, Чили улсад халдвар хүн амын дунд өндөр хүрээнд тархаж байна.
АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр тавдугаар сарын 23-ны өдөр 24,000 гаруй шинэ халдвар, 1,800 гаруй нас баралт бүртгэгджээ.
Бразилд өнгөрсөн 24 цагийн байдлаар 14,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 347,000 гаруй болжээ. Мөн өдөр 1,000 гаруй хүн нас барж, нийт эндэгдэл нь 21 мянга гаруйд хүрсэн байна.
Перуд өчигдөр 4,000 гаруй тохиолдол нэмж бүртгэгдсэн, нийт тохиолдлын тоо 115 мянга гаруй болжээ.
Чилид 3,500 гаруй тохиолдол шинээр нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 65 мянгыг давсан байна.
ОХУ-д 9,400 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо нь 336,000 гаруй болжээ. Тавдугаар сарын 15-ны өдрөөс Москва хотын оршин суугчдад КОВИД-19-ийн эсрэг биетийг илрүүлэх шинжилгээг эрчимтэй хийж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 50 мянган хүн шинжилгээнд хамруулсан бөгөөд шинжилгээний дүнгээс тооцоолон харахад Москва хотын нийт оршин суугчдын 12.5 хувь орчим нь буюу 1.5 сая орчим хүнд КОВИД-19-ийн эсрэг биет үүссэн байх боломжтой гэж дүгнэжээ.
Сингапурт өчигдөр 642 шинэ тохиолдол бүртгэгдэж, одоогийн байдлаа эмнэлэгт 711 хүн хэвтэн эмчлэгдэж байгаа юм байна. Мөн тус улсад эдгэрч гарсан хүний тоо 14,000 байгаа бол нийт бүртгэгдсэн хүний тоо 31,000 гаруй болсон байна.
БНХАУ-д гурван шинэ тохиолдол бүртгэгдсэний хоёр нь Шанхай, Гуандун, нэг нь Жилин аймагт бүртгэгджээ.