Египет улс тавдугаар сарын 15-наас эхлэн зөвхөн дотоодын аялал жуулчлалд зориулж амралтын газрууд дахь зочид буудлуудынхаа үйл ажиллагааг сэргээхээр болжээ.
“Al Ahram” сайтын мэдээлснээр тус улсын Засгийн газар аялал жуулчлалын салбарыг сэргээх зорилгоор коронавирусийн цар тахлын улмаас авсан хязгаарлалтуудыг бага багаар цуцалж эхлээд байгаа. Байгууллагууд дотоодын аялагчдад зориулж үйл ажиллагаагаа явуулахдаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжүүдийн дагуу урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг дагаж мөрдөх ёстой гэж зааварлажээ.
Аялал жуулчлалын яамнаас гаргасан захирамжийн дагуу эхний ээлжинд зочид буудлуудын ачааллыг 25 хувьд байлгах ёстой бол зургадугаар сарын эхээр 50 хувь болгож нэмэгдүүлэх боломжтой гэж тооцжээ.
Өнгөрсөн онд Египетийн аялал жуулчлалын салбараас олсон ашиг орлого дээд хэмжээ буюу 13 тэрбум ам.долларт хүрч, 2010 онд тэмдэглэгдсэн 12.5 тэрбум ам.доллар хэмээх түүхэн дээд амжилтыг эвдэж байсан юм.
Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор зочид буудлуудыг хаасны улмаас тус улсын аялал жуулчлалын салбар ихээхэн хохирол амсаад байна.
Коронавируст халдварын улмаас Египет улс гуравдугаар сарын 19-нөөс эхлэн олон улсын бүх нислэгийг цуцласан юм.