"Burning Man-2020" наадам коронавируст цар тахлын улмаас цуцлагдахаар болжээ. Тус наадмын энэ жилийн хуваарь нь наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 7-ны хооронд товлогдсон байсан юм.
1986 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдсаар ирсэн Burning Man наадам түүхэндээ анх удаа цуцлагдаж буй нь энэ юм.
Жил бүрийн наймдугаар сард Невада мужийн Black Rock элсэн цөлд зохион байгуулагддаг уг наадамд оролцогсод өөрсдийн гэсэн хууль дүрэмтэй зохиомол хотыг бий болгон, нийт ес хоногийн турш эрх чөлөө, өөр ертөнцийг мэдрэн амьдардаг аж.
Наадмын зохион байгуулагчид "Маш олон мэдээлэл дээр дүн шинжилгээ хийсний үндсэн дээр энэ жилийн наадмыг зохион байгуулахгүй байхаар шийдлээ. Бид үнэхээр харамсаж байна. Гэвч эрүүл мэнд юу юунаас илүү чухал юм" хэмээн мэдэгджээ.
Сонирхуулахад, энэ онд болох "Burning Man-2020" наадам "Multiverse" хэмээх сэдвийн дор зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байсан юм.