“Шувууны сүү” гэх алдартай чихрийг бүтээгч Анна Чулкова Федоровна 87 насандаа Владивосток хотноо нас барсныг хотын захиргаа мэдээлэв.
Владивосток хотын захиргаа, "Хүндэт иргэдийн зөвлөл Анна Федоровна Чулковагийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна" хэмээн мэдэгдэлдээ өгүүлжээ.
Тэрээр 1934 оны хоёрдугаар сарын 22-нд Рязань мужийн Теродей сууринд төржээ. Гэр бүлийнхээ хамт 1940 нүүн шилжих хөтөлбөрийн хүрээнд Алс Дорнодод сууршсан байна. Анна Федоровна Владивостокийн чихрийн фабрикт (Приморский кондитер) 16 настайгаасаа ажиллажээ.
Зөвлөлтийн хамгийн амжилттай домог болсон “Шувууны сүү” чихрийн жорыг Чулкова өөрийн удирдсан багийн хамт 1967 онд бүтээсэн ба тэд уг чихрийг үйлдвэрлэх технологийг боловсруулсан байна. Энэ чихрийг бүтээсний төлөө Анна Чулкова Лениний одонгоор шагнагдаж байсан юм.
"Анна Федоровна нь олны дуртай шоколад, чихэр, вафель "Мечта", "Комета", "Метеорит" чихрүүдийг бүтээсэн ба "Золотой Рог" чихрээрээ ВДНХ-ын хүрэл медаль авч байлаа" хэмээн тухайн мэдэгдэлд өгүүлжээ.
Тэрээр Зөвлөлт холбоот улсын кондитерийн үйлдвэрлэлийн дээд ангиллын мастер, хоёр удаа Лениний одон, Октябрийн хувьсгалын одон мөн ЗХУ-ын Социалист хөдөлмөрийн баатар цол, Төрийн шагнал хүртэж байжээ.
М.ЦОГТ