Оксфордын их сургуулийн эрдэмтэд коронавирусийн эсрэг вакциныг бүтээн, пүрэв гаригаас туршилтаа эхлүүллээ. Вакциныг ChAdOx1 nCoV-19 гэж нэрлэсэн бөгөөд түүнийг шимпанзе бичний вирус дээр коронавирусийн генетикийн кодын хэсгээс нэмэн бүтээжээ.
Ийм технологи өмнө нь бусад өвчний эсрэг үр дүнтэйгээ харуулж байсан байна.
"Өнөөдөр Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хэсэг вакцины аюулгүй байдал, сайн дархлал өгөх мэдээллийг цуглуулахын тулд COVID-19 халдварын эсрэг вакциныг сайн дурын хоёр хүн дээр туршиж эхэллээ” их сургуулийн Twitter дэх хуудаснаа мэдээлжээ.
Туршилт хэрхэн явагдах вэ?
Туршилтыг Оксфорд, Саутгемптон, Лондон, Бристоль хотуудын 1.1 мянган сайн дурынхан дээр хийх гэнэ. Тэд нэг хэсэг нь шинэ вакциныг, хяналтын хэсгийн бусдад нь менингитийн эсрэг вакцинаар тариулах юм. Эхний өдөр микробиологч Элиза Гранато ба онкологич Эдвард О'Нил хоёр вакцинаар тариулжээ. Тэд хэн нь ямар вакцинаар тариулсанаа мэдэхгүй байгаа. Гурав дахь хоногт вакцинаар өөр зургаан хүнийг тарина. Тав хоногийн дараа, вакцинаар тариулагчдад онцгой шинж тэмдэг илрэхгүй байвал вакциныг бусад олон хүнд хийх ажээ.
Туршилтын өмнө, вакциныг бүтээж байгаа Оксфордын Женнерийн хүрээлэнгийн захирал Адриан Хилл "Есдүгээр сар гэхэд клиникийн туршилт гүйцээгүй байсан ч нэг сая вакцин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй" гэдгийг хэлсэн байна. Шинэ вакцины үр дүнг ойролцоогоор 80 хувь гэж үзэж байгаа ажээ. Хэрэв вакцин нь өөрийн үр дүнгээ харуулбал, засгийн газарт нь хүмүүсийг тарих боломж гарна. Үр дүнгүй бол энэ бүх ажил хоосон болж таарна.
Вакцин бүтээх ажлын грантад засгийн газар 2.2 сая фунт стерлинг өгсөн байгаа.
Засгийн газрын хөтөлбөр
Британийн засгийн газар корнавирусийн халдварын эсрэг вакцин бүтээхэд 250 сая фунт ($310 сая доллар) зарцуулахаар төлөвлөн нийтдээ 27 судалгааг санхүүжүүлж байна. Засгийн газар хэрэв вакцин амжилттай болсон нөхцөлд түүнийг шуурхай үйлдвэрлэхийн тул эмийн компаниудтай хэлэлцээр хийж байна.
Британийн засгийн газрын шинжлэх ухааны зөвлөх Патрик Валланс Оксфордын вакцины талаар их болгоомжтой ярьж байна. “Бүтээгдэж байгаа ямар ч шинэ вакцинууд амжилт олох магадлал бага байдаг. Зөвхөн тэдний цөөн нь үр дүнг үзүүлдэг. Коронавирусийн хувьд ч ялгаагүй. Тэр вакцин бүтээгчдийн өмнө шинэ асуудал тавьж байгаа. Үүнд цаг хугацаа хэрэгтэй” хэмээн хэлсэн байна.
Боломжийн 70 вакцин
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлснээр, дэлхийд одоо боломжийн байж болох 70 вакцин дээр ажиллаж байгаа гэнэ. Шинжээчдийн дүгнэлтээр вакцин үр дүнгээ харуулж үйлдвэрлэгдэн худалдаанд гартал жил орчим хугацаа үлдээд байгаа ажээ.
Вант улс дахь вирус
Британийн Эрүүл мэндийн яамны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн мэдээгээр тус оронд 138 мянган хүн шинэ коронавирусийн халдвар авсан байв. Халдварын улмаас 18.7 мянган хүн нас баржээ.
М.ЦОГТ