АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхим пүрэв гаригт шинэ коронавирусийн үр дагавартай тэмцэхэд зориулсан бараг 500 тэрбум долларын ээлжит багц арга хэмжээг баталлаа. Хуулийн төслийг 388 хууль тогтоогч дэмжиж, тав нь эсрэг санал өгч, нэг нь түтгэлзсэн байна.
Уг хуулийн төслийг энэ долоо хоногт Сенат баталсан юм. Ойрын үед Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсгээ зурж, түүнийг баталгаажуулна.
Хуулийн төслөөр 300 тэрбум гаруй долларыг жижиг дунд бизнест хөнгөлөлттэй зээл (Paycheck Protection Program) олгоход зориулна. Тэр хөнгөлөлттэй зээлийг санхүүгийн хүндрэлтэй учирсан компаниуд авч ажилчдынхаа цалин хөлс, ипотекийн зээлийн хүү, түрээсийн төлбөрт ашиглах юм. Хэрэв зээлийн шаардлагыг биелүүлээгүй бол зээлийг эргүүлэн төлөх бөгөөд шаардлагыг биелүүлсэн тохиолдолд эргүүлэн төлөхгүй юм байна. Өмнө нь Конгресс энэ хөтөлбөрт $350 тэрбумыг баталсан ч дөрөвдүгээр сарын дундуур мөнгө нь дууссан байлаа.
Үүний зэрэгцээ хуулийн төслөөр өөр 60 тэрбумыг жижиг бизнесийн бусад хэрэгцээнд, 75 тэрбумыг эмнэлгүүдэд, 25 тэрбумыг коронавирусийг илрүүлэх тестэд зориулахаар болжээ.
Ерөнхийлөгчийн талархал
"Америкийн ажилчид, жижиг бизнесийг тусламж болгон нэмэлт $320 доллар гаргах миний уриалгыг дэмжин ийм хариу өгсөн Конгресст талархаж байна. Олон тооны америкчууд эдийн засгийн мэдэгдэхүйц хүндрэлтэй тулгарсан цагт энэ хуулийн төсөл нь жижиг дунд үйлдвэрт сая сая ажлын байрыг хадгалан тэдний цалин хөлсийг тавихад тусална” хэмээн Трамп Төлөөгчдийн танхимын санал хураалтын дараа Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ өгүүлжээ.
Олон мужууд үйл ажиллагаагаа сэргээж байгааг тэр нэмэн хэлэв. “Энэ бол гайхамшигтай, биднийг ихээхэн урамшуулж байна. Бид хүнд байдлаас сайнаар гарч эхэллээ. Би аз жаргалтай байна” хэмээн тэр хэлээд мужийн захирагчдын хийсэн ажилд баяр хүргэжээ. Түүний хэлснээр олон төрийн тэргүүнүүд АНУ-ын “тэргүүлэх ролийг” хүлээн зөвшөөрч байгаа гэнэ.
Эдийн засгийг дэмжих өмнөх багц арга хэмжээг гуравдугаар сарын сүүлчээр, $2 их наядын хэмжээгээр баталсан байв. Мөн 8,3 тэрбум долларыг коронавирусийн дэгдэлтийг барихад нь зориулан Америкийн засаг захиргааны мэдэлд өгсөн байлаа.
М.ЦОГТ