БНАСАУ-аас Их Британид суугаа Элчин сайдын орлогчоор ажиллаж байсан Тэ Ён Хо гэх эрхэм БНСУ-ын парламентын гишүүнээр сонгогдсон Хойд Солонгосын анхны дүрвэгч боллоо.
Тэрээр 2016 онд гэр бүлийнхээ хамтаар эх орноосоо дүрвэх шийдвэр гаргасан Хойд Солонгосын хамгийн өндөр албан тушаалтан юм.
Тэ Ён Хо Өмнөд Солонгосын сөрөг хүчний Нэгдмэл ирээдүй намаас Сөүл хотын Ганнам дүүрэгт өрсөлдсөн байна.
Тэрээр өөрийгөө ялсныг сонсоод нулимс унаган “Би БНАСАУ-ын нэр нөлөө бүхий хүмүүст ирээдүйд шинэ сонголт бий гэдгийг хэлмээр байна” гэж мэдэгджээ.
Түүнд сонгогчдын 58.4 хувь саналаа өгсөнөөр ялалт байгуулжээ.
БНСУ коронавирусийн халдварын тархалттай тэмцэж, хөл хориотой байгаа ч сонгуулийн санал хураалтыг лхагва гаригт явуулсан юм. Сонгогчдын ирц 66.2 хувьд хүрсэн нь 1992 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Парламентын сонгуульд Ерөнхийлөгч Мүүн Жэ Иний Ардчилсан нам түүхэн ялалт байгуулж, Үндэсний ассамблейн 300 суудлын 163-ыг нь авсан байна.
montsame.mn