Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ, ОУОХ-ны тэргүүн Томас Бах нар энэ сарын 24-ны өдөр Токиогийн олимпын наадмыг нэг жилээр хойшлуулхаар болсныг албан ёсоор мэдэгдсэн билээ.
Тэгвэл зуны XXXII дугаар Олимпын наадам 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд зохион байгуулагдахаар болжээ.
Наадмыг зохион байгуулагчид даваа гаригт шинэ товын талаар мэдээлсэн байна.
Харин Паралимпын наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд болох ажээ.
Коронавируст халдварын цар тахлын улмаас дөрвөн жил тутам зохион байгуулдаг Олимпын наадмыг анх удаа нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан юм.
Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Ёширо Мори "Олимпын наадмыг түүхэндээ анх удаа хойшлуулсан нь олон сорилт, асуудлыг бий болгосон. Гэсэн хэдий ч шинэ товыг хурдан гаргаснаар бэлтгэл ажлаа хурдан гүйцэтгэх боломж бүрдэнэ” гэжээ.
Олимпын нээлтийн шинэ тов өмнөх товоос ганцхан өдрийн зөрүүтэй байгаагаас үзэхэд наадмын төлөвлөгөөг дахин боловсруулах ажлыг хөнгөвчлөхийн тулд ийм шийдвэрийг гаргасан байх магадлалтай гэж "NHK" суваг мэдээлжээ.