Европ тивд шинэ төрлийн коронавирусийн тахлын хоёр дахь том төв болоод байгаа билээ. Өчигдөрийн байдлаар Испани улсад 3434 хүн, Итали улсад 7503 хүн нас барсан бол Хятадад нийт нас барагсдын тоо 3281 болоод байгаа юм.
Үхлийн аюултай вирусийн тархалтыг зогсоохоор дэлхийн улс орнууд хөл хорионы дэглэмд шилжээд байгаа. Одоогоор халдвар авагсдын тоогоор Хятад, Итали, АНУ, Испани бичигдэж байна.
Харин Итали улсад өчигдөр 683 өвчтөн нас барж, 5210 халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ.
Үүнээс 50 гаруй санваартан нас бараад байгаа аж.
72 настай саньаартан Жузеппе Берарделли мөн коронавирусийн халдварын улмаас нас баржээ. Тэрээр уг халдварын улмаас нас барсан эмнэлгийн ажилтнууд, санваартнуудын төлөө мягмар гаригт залбирал үйлдэх үеэрээ өвчтэй хүмүүст үйлчилж, баатарлаг үлгэр жишээ үзүүлсэн байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар тэрээр өөрийн амьсгалын аппаратаа залуу өвчтөнд хэрэглүүлэхийг илүүд үзсэн ажээ.
Өнөөдөр байдлаар дэлхий даяар коронавирусийн халдварын 430700 гаруй тохиолдол бүртгэгдэж, 20,000 гаруй хүн нас бараад байна. Харин 102131 өвчтөн халдвар авсныхаа дараа эдгэрчээ.