Коронавирусийн халдварын тархалттай тэмцэхийн тулд Энэтхэг улс 1.3 тэрбум хүнээ өнөөдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд хөл хорионд оруулах шийдвэр гаргажээ.
Ерөнхий сайд Нарендра Моди: "Шөнө дундаас эхлэн улс орон даяар хөл хорионы дэглэмд шилжинэ. Энэтхэг улсыг, иргэн бүрийг, та бүхний гэр бүлийг аврахын тулд энэхүү шийдвэрийг гаргалаа.
Ирэх 21 хоногийн хугацаанд гэрээсээ гарч болохгүй бөгөөд хэрэв та уг дүрмийг зөрчвөл вирусийг гэртээ авчрах болно” гэж мэдэгджээ.
Мөн тэрээр ганцхан буруутай үйлдэл хүртэл аминд халтай вирусийг ойн түймэр шиг тархахад хүргэж болзошгүй, гэхдээ сандрах шаардлага огт байхгүй гэдгийг онцлоод, холбогдох албаныхан үндсэн хэрэглээний нөөцийг тасалдуулахгүй байх нөхцөлийг хангахаар ажиллаж байгаа гэсэн байна.
Энэтхэгт коронавирусийн халдварын 500 гаруй тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас бараад байна. Мөн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, дэлхийд хүн амын тоогоороо хоёрдугаарт жагсдаг улсад зайнаас харилцах, хөл хорио тогтоох зэрэг хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхгүй бол маш олон хүн халдвар авч болзошгүй гэсэн байна.
Өнгөрсөн ням гаригаас эхлэн тус улс олон улсын болон дотоодын бүх нислэгээ зогсоож, далайн боомтуудаа хаагаад байгаа билээ.