Өнөөдөр ЭМЯ-наас зохион байгуулсан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр дэлхий нийтэд короновирусын халдвар ямар түвшинд очоод байгаа талаар сүүлийн үеийн мэдээллийг өглөө. Өчигдөр мэдээлэл хийснээс хойш 24 цагийн дотор Covid-19 халдвар дэлхийн нийт 135 оронд бүртгэгдэж, арлын голдуу 13 оронд өвчлөл шинээр нэмэгдсэн байна. Иран, Испани, АНУ, Итали, Франц, Норвеги зэрэг оронд өвчлөл ихээр нэмэгдсэн, харин БНХАУ, БНСУ-д өвлөлийг хязгаарлаж байна гэсэн мэдээтэй байна.
ДЭМБ-ын ажилтан н.Ариунтуяа:
-Гуравдугаар сарын 14-ний мэдээгээр халдварын тохиолдол дэлхий нийтэд 9769-өөр нэмэгдэж, шинээр 13 улсад бүртгэгдсэн байна. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 438 хүн нас барж, нийт нас баралтын тоо 5393 хүрээд байна. Европ тив халдварын гол цөм болж, Европын холбооны улсуудад тархалт хурдацтай явагдаж байна. Тархалтыг хязгаарлах зорилгоор хөл хориог чангатгаж, олон нийтийн арга хэмжээ, ресторан, дэлгүүрүүдийг хааж, аль болох гэрээсээ гарахгүй байх зөвлөмжийг өгч байна. Итали, Испани, Иран гэсэн гурван улсад өвчлөл хамгийн өндөр, хоногт 1000-2500 гаруй шинэ тохиолдолд бүртгэгдсэн байна. ДЭМБ-аас гуравдугаар сарын 13-нд амьсгалын замын авчлөлийн эмчилгээний удирдамжийг шинэчлэн гаргасан. Энэ нь Covid-19 халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдлыг эрт тодорхойлохын тулд олон улсын туршлага дээр түшиглэн гаргасан эмнэл зүйн удирдамж юм.
ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга н.Янжмаа:
-Европ тивд халдварын тархалт эрчимтэй байна. Тухайлбал, Франц улсад өчигдөр буюу бямба гаригийн байдлаар шинээр 808 тохиолдол, 12 нас баралт бүртгэгдсэн байна. Өчигдрөөс эхлэн зайлшгүй шаардлагатай бус үйлчилгээний бүх байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сан, шатахуун түгээгүүрийн үйл ажиллагааг тасалдуулахгүй үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ. Иргэдийг гэр орноосоо гарч явахгүй байхыг зөвлөж байна. Испани улсад мөн хорио цээрийн дэглэм тогтоосон. Иргэд зөвхөн хүнс болон эм авахаас бусад зорилгоор гэрээсээ гарахыг хориглосон байна.
Румын улсад мөн онц байдал зарласан, ирэх 7 хоногийн даваа гаригаас үйлчилж эхэлнэ. Онц байдал зарласантай холбогдуулан бага насны хүүхэдтэй гэр бүлийг ажлаас нь чөлөө олгох, эсвэл гэрээсээ ажлаа хийх хуулийг шинээр батлах шийдвэр гарсан байна.
Мөн Испани улсад 15 хоногийн хугацаатай хөл хорио тогтоосон, нөхцөл байдал яаж үргэлжлэхээс шалтгаалж хөл хориог цуцлах болон үргэлжлүүлнэ гэж байна.
Халдварр голомтлон тархаж байгаа Итали улсын эрүүл мэндийн байгууллагууд маш хүнд сорилтод орж байна. Тухайлбал, Ломбарди мужид эрчимт эмчилгээний ор хүрэлцэхгүй болсон, өдөрт дунджаар 85 хүн шинээр эрчимт эмчилгээнд орж байгаа, удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай байгаа учир орны эргэлт удаан, өдөрт 2-3 ор л суларч байна. Шинээр ирэх өвчтнүүдийг хүлээж авах боломжгүй болж байна гэж тус мужийн эрүүл мэндийн асуудал хариуцсан ажилтан мэдэгдсэн байна.
Өчигдрийн байдлаар Ломбарди мужид 732 өвчтөн эрчимт эмчилгээнд байна, 76 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Бусад мужуудад өндөр настнууд амьсгалын дутагдлын улмаас нас барж байна, эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа нь нөлөөлж байна гэж мэдээлжээ. Итали улсын хэмжээнд өчигдөр шинээр 3797 халдварын тохиолдол, 175 нас баралт бүртгэгдсэн байна. Халдварын тархалтыг хязгаарлахын тулд хүмүүс хоорондоо бөөгнөрөл үүсгэхгүй байх, зайнаас харьцах талаар бүх улс оронд удирдамж гарч хэрэгжүүлж байна.
Ирланд улсын ерэнхий эмчийн орлогч олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн байна. Энп "Халдвараас сэргийлэх зорилгоор зайнаас харилцах, хүмүүс бие биедээ хүрэлцэхгүй байх зэргийг тусгайлан заасан удирдамжийг иргэдийн зүгээс шоглонгуй хандах, асуудлыг хөнгөхнөөр авч үзэх явдал элбэг байна. Дэлхий нийтээр тархсан цар тахалын асуудал яригдаж, олон улс оронд эрүүл мэндийн байгууллагын нөөц шавхагдаж буй энэ үед хүн бүр энэ асуудалд өөрийн хувь нэмрээ оруулж, хувийн ариун цэвэр, сахилга батаа сайжруулж, эргэн тойрондоо байгаа ахмад настан болон өртөмхий бүлгийг давхар хамгаалах ёстой шүү" гэдгийг сануулсан байна.
Их Бринтанид өчигдөр 342 шинэ тохиолдол, 10 нас баралт бүртгэгдсэн байна. Япон улсын ЭМЯ-ны мэдээллээр өчигдөр 64 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь халдварын тархалт гарснаас хойш хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн нь бямба гариг болсон байна. Өмнө тус улсад өдөрт дунджаар 30 орчим шинэ тохиолдол бүртгэгддэг байжээ.
АНУ-д халдвар бүх мужид тархсан, улс орон даяар онц байдал зарласан байдалтай байгаа. Европын холбооноос зорчигч тээвэр хүлээн авахгүй байсан өмнөх хоригийг өргөтгөж, 28 улсыг хамруулахаар болсон. Энэ хоригт өмнө ороогүй байсан Их Британи, Умард Ирландийн Нэгдсэн Вант Улсыг нэмж хамруулахаар болсон байна.