Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын захирал Тедрос Адханом Гебрейесус коронавирусийн дэгдэлт Европ тив рүү шилжсэнийг анхаарууллаа.
Тэрээр, улс орнуудад тархалтыг хязгаарлах арга хэмжээгээ эрчимжүүлэхийг уриалжээ.
Сүүлийн хэд хоног Европын орнуудад коронавирусийн халдварын тоо огцом нэмэгдэж, гамшгийн хэмжээнд хүрээд байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар коронавирусийн гамшиг Европт илүү их тархаж, олон мянган хүн тусахаар байгаа гэнэ.
Учир нь Хятад улсын хувьд дэгдэлтийн голомт нь зөвхөн Хубэй муж, Ухань хот байсан. Тус улсын коммунист засгийн газар хүн төрөлхтний түүхэнд байгаагүй том хөл хорионы дэглэм тогтоосноор вирусийн тархалтыг зогсоож чадсан гэж үзжээ.
Харин Европ тивийн хувьд олон цэгт коронавирусийн дэгдэлт зэрэг гарсан. Мөн улс орнууд өөр өөр аргаар тэмцэж, нэгдмэл бус стратеги хэрэгжүүлж байгаа нь эрсдлийг нэмэгдүүлж байгаа гэжээ.
Өчигдөрийн байдлаар Итали улсад 250 нас барсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Зөвхөн Итали улсад вирусийн халдварын 17 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, нас баралтын тоо 1266 болоод байна.
Мөн Испани улсад өчигдөр 24 цагийн дотор нас баралтын тоо 50 хувиар нэмэгдэж, нийт 120 хүн нас бараад байна.
Испанийн улсад өнөөдрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаатай онц байдал улс даяар зарлаад байна.
Өнөөдрийн байдлаар дэлхий даяар шинэ коронавирусийн халдварын тохиолдол 140500 гаруй тохиолдол бүртгэгдэж, нас баралт 5000 даваад байна.