Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирусийн халдварын дэлхий дахины эрсдлийн түвшинг “өндөр” түвшнээс “маш өндөр” болгон ахиулах шийдвэрийг өчигдөр гаргажээ. Энэ нь дөрвөн шатлалт түвшний хамгийн өндөр үнэлгээ юм.
Уг шийдвэрийг гаргасан хэдий ч халдварын тархалтыг хязгаарлах боломжтой хэвээр байгааг ДЭМБ онцолсон байна. Мөн ДЭМБ-ын тэргүүн халдварын талаарх буруу ташаа мэдээлэл нь цаашид тулгарах томоохон сорилтуудын нэг болох төлөвтэй байгааг цохон тэмдэглэжээ.
Мөн хэрвээ COVID-19 вирусийг “цар тахал” нэрлэвэл “манай гаригийн хүн бүхэн вирусийн аюулд ойрхон байгааг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно” гэж ДЭМБ-ийн захирал Майк Райан тайлбарлажээ.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 57 гаруй оронд бүртгэгдэж, 83 мянга гаруй хүн халдвар авч, 2800 гаруй хүн нас баржээ.
Сүүлийн мэдээллээр Исланд, Нигери, Мексик, Шинэ Зеланд, Беларусь, Нидерланд зэрэг оронд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн Өмнөд Солонгост өнөө өглөөний байдлаар 2300 гаруй хүн халдвар аваад байгаа бол Иран улсад хамгийн багадаа 34 хүн нас барсан тухай албаны мэдээ байгаа юм.
Гэвч Ираны эрүүл мэндийн салбарын эх сурвалжууд халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо 210 хүрсэн гэжээ. Энэ нь Ираны Засгийн газрын мэдээллээс 6 дахин өндөр үзүүлэлт бөгөөд ДЭМБ мэргэжилтнүүдээ тус улс руу илгээхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар BBC агентлаг мэдээлжээ.