Сүүлийн 24 цагийн дотор Хятадад коронавирусийн халдварын шинэ тохиолдол 327 бүртгэгдэж, халдварын улмаас 44 хүн нас баржээ.
Нас барсан хүмүүсийн 41 нь Хубэй мужид бүртгэгдсэн бол Бээжинд 2, Шиньжянд 1 хүн нас баржээ.
Шинэ тохиолдолын тоо нэгдүгээр сарын 23-наас хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн бага тоо болж байна.
Ингэснээр Хятад даяар илэрсэн нийт халдварын тоо 78824 болж, коронавирусийн тархалтын голомт Хубэй мужид халдварын шинэ тохиолдол буурч байгаа үзүүлэлт гарчээ.
Зөвхөн Хятадад пүрэв гаригийн оройны байдлаар нийт халдвар авсан хүний тоо 78825 болж, 2788 хүн нас барж, 36117 хүн эмнэлгээс гарчээ.
Харин БНСУ-д байдал эсрэгээрээ халдварын 256 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүмүүсийн тоо 2022 хүрч, 13 хүн нас барсан талаар өнөө өглөө мэдээлжээ. Сүүлийн дөрвөн өдрийн дотор 1900 гаруй халдварын тохиолдол нь бүртгэгдсэн юм.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлын талаас илүү хувь нь Дэгү хотын сүмтэй холбоотой хүмүүс байгаа бөгөөд 256 тохиолдлын 182 нь Дэгүд, 49 нь Гёнсан мужид, 6 тохиолдол Сөүл хотод илэрсэн байна.
Дэгү хотын сүмийн 210 мянга гаруй гишүүнээс коронавирусийн шинжилгээ авч эхэлсэн тул ойрын өдрүүдэд халдварын тоо эрс нэмэгдэж болзошгүй гэж мэргэжилтнүүд мэдээлжээ.