Япон улсын эрүүл мэндийн сайд Кацунобу Като шинэ коронавирусийн халдвар авсан байсан хүн нас барсныг өчигдөр орой мэдээллээ. Энэ нь уг халдварын улмаас Япон улсад нас барсан эхний тохиолдол юм.
Нас барсан иргэн нь 80 гаруй насны эмэгтэй байжээ.
Эрүүл мэндийн сайд Кацунобу Като мэдээлэлдээ, талийгаач хэдийгээр коронавирусийн халдвартай байсан ч үхлийн шалтгаан болсон эсэхийг эцэслэн батлаагүй байгаа гэж хэлжээ.
Энэ нас барсан тохиолдол нь Хятад улсаас гадна хүн нас барсан гурав дахь тохиолдол бөгөөд энэ сарын 2-ны өдөр Филиппинд Ухань хотоос ирсэн Хятадын иргэн 44 настай эрэгтэй, Хонг Конгт мөн халдвартай бүс нутагт зорчсон 39 настай нэг эрэгтэй нас барсан юм.
Япон улсад коронавирусийн халдварын нийт 248 тохиолдол бүртгэгдээд байна.