Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-ны 10 цагийн байдлаар мэдээллээ.
Тус вирусийн хардвараар 1112 хүн нас барж, халдвар авсан хүний тоо 44886-д хүрчээ.
Харин 4638 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Шинэ төрлийн коронавирусийн халдвар зөвхөн Хятад улсад өчигдөр 2015 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 97 хүн нас баржээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ төрлийн коронавирусийн халдварыг "COVID-19" гэж нэрлэхээр болсон байна. Уг нэршилд "corona, virus, disease" хэмээх үгийн эхний үсгүүдийг ашигласан бөгөөд 19 хэмээх тоо нь уг халдвар дэгдсэн оныг төлөөлж байгаа аж.
ДЭМБ-ын ерөнхийлөгч Тедрос Аданом Гебрейесус "Бид газар зүйн байршил, амьтан, хувь хүн, хэсэг бүлэг хүмүүст хамааралгүй нэр олох шаардлагатай байсан бөгөөд халдварын нэршлийг тодорхойлох нь буруу нэр ашиглагдахаас сэргийлнэ. Жишээ Уханий вирус гэх мэт" гэжээ.
Хэд хоногийн өмнө тэрээр “Цаашид өвчний тархах эрсдэл өндөр хэвээр байна. Бүх улс орон үүнд бэлтгэлтэй байх цаг нь болжээ” гэж жиргэж байсан юм.