Реппэр, жүжигчин, продюсер "Авьяаслаг Монголчууд" болон Америкийн CBS телевизийн "The world’s best" шоуны шүүгч Рокит Бэй /О.Баярсайхан/-ын шинэ төсөл ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийхээр болжээ.
Рокит Бэйын энэхүү төсөл нь "Fragile" гэх цахим тоглоом бөгөөд Монголоос анх удаа “Steam” (дижитал тоглоомын худалдаа, олон нийтийн сүлжээ бүхий платформ)-д байршуулсан байна.
Өсвөр насныхан болон насан хүрэгчдэд зориулсан уг тоглоомыг хүүхдийн тархи, оюун ухаан хэврэг гэдэг утгаар "Fragile" буюу "Хэврэг" гэж нэрлэжээ. Тоглоом бүтээх ажил 2019 оны дундуур эхэлсэн бөгөөд түүний "Эвдэрхий хүн", "Бор арьст Гаамп" клип, "ОННЦ ДҮМД" цувралыг бүтээсэн баг ажилласан аж.
Сонирхуулахад, “Fragile” тоглоом нээлтээ хийсний дараа Монгол улсаас холбогдож тоглоход үнэ төлбөргүй юм байна.
Тэрбээр өмнө нь "Пуужин Баяраа", "Эвдэрхий хүмүүс", "Хариуцлага" хэмээх гурван цомог гаргасан бөгөөд "ОННЦ ДҮМД – 1, 2" цувралын зохиолыг бичиж, найруулж байсан билээ.