Шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болох Хятадын Ухань хотод 10 хоногийн дотор барьсан 1000 ортой эмнэлэгийг өнөөдөр нээнэ.
“Huoshenshan” эмнэлэг нь коронавирусний халдварын тархалттай тэмцэх зорилгоор байгуулж буй хоёр эмнэлгийн нэг бөгөөд “Leishenshan” нэртэй хоёр дахь эмнэлгийн барилгын ажил лхагва гаригт дуусах юм. Нэгдүгээр сарын 23-наас баригдаж эхэлсэн энэхүү эмнэлгийн барилгын ажил ням гаригийн өглөө дууссан тухай Хятадын төв хэвлэл мэдээлжээ.
“Huoshenshan” эмнэлэгт өнөөдрөөс эхлэн зэвсэгт хүчний 1400 эмнэлгийн ажилтан өвчтөнүүдийг эмчлэх ажээ.
Хятадад даваа гарагийн өглөөний байдлаар коравирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны 17205 тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 361 хүн нас баржээ. Мөн Филиппин улсад коронавирусийн халдварын улмаас нас барсан тохиолдол нэг бүртгэгдсэн бөгөөд Хятадаас өөр улсад уг вирусний улмаас нас барсан анхны тохиолдол юм.